Эрх баригч намд 22 жил эрхэлсэн Н.Энхболдын ноцтой баримтууд

Screenshot-2022-01-05-134754Төрийн ордныг төрсөн нутаг, төрөлх гэр шигээ санадаг болсон нэг түшээ байдаг нь Н.Энхболд. Төрийн түшээгээр зургаан удаа улирч, Төрийн ордонд 22 жил тухалсан болохоор тэгж элгэмсдэг биз. Амьдралынхаа 43 жилд нь төрд зүтгэж, түүнээсээ 22 жилд нь Төрийн ордонд “амьдарна” гэдэг хэн хүнд олдохгүй ховор хувь заяа. Чухамдаа, эрх баригч намд эрхэлсэн шиг эрхэлсэн хүн бол Н.Энхболд. 
Тэгвэл намынхаа буянаар насаараа төрд зүтгэж, Төрийн ордонд “амьдарсан” Н.Энхболдын хамаарал бүхий этгээдүүд хэрхэн төрд томорч, хувийн бизнесүүд нь хэрхэн өргөжиж, халаас нь яаж түнтийж байгааг баримтаар дэлгэж харуулъя. 


ТҮҮНИЙ ХҮҮ, ХҮРГЭН, ХУД, ТӨРСӨН ДҮҮ, ТӨРЛИЙНХӨН НЬ ТӨРД ТӨВХНӨЦГӨӨВ

       УИХ-ын гишүүн Н.Энхболдын төрсөн дүү Н.Эрдэнэцогт нь ХБНГУ-ын Берлин хот дахь “Монголын мэдээлэл худалдааг дэмжих төв”-ийн захирлаар ажилладаг. Анх тавилгын үйлдвэрт инженерээр ажиллаж байсан. Улмаар Н.Энхболдыг Гадаад харилцааны сайд болох үед Берлин хот дахь Элчин сайдын яаманд Атташе, Худалдаа, эдийн засгийн бодлого хариуцсан 1-р нарийн бичгийн дарга болсон. Дараа нь “МИАТ” ТӨХК-ийн Европ дахь төлөөлөгч болж, тэндээ үлдсэн. Одоо, дээр дурдсанчлан Берлин хот дахь “Монголын мэдээлэл худалдааг дэмжих төв”-ийн захирлаар ажиллаж буй.
     Н.Энхболдын төрсөн дүү Н.Эрдэнэцогтын хүү Э.Одбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаа. Н.Энхболдыг Гадаад харилцааны сайд байх үед Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтнээр ажилд орсон. Дараа нь аав Н.Эрдэнэцогтынхоо адилаар ХБНГУ-д суугаа Элчин сайдын яаманд нарийн бичгийн даргаар томилогдсон. Сүүлд нь Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад У.Хүрэлсүхийн зөвлөх болсон байдаг.
     Н.Энхболдын бага дүү Н.Энхтуяа нь Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газрын дарга буюу Ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байгаа. Өмнө нь буюу 2017-2020 онд Баянгол дүүргийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан.
     Н.Энхболдын төрсөн хүү Э.Одмөнх ЗГХЭГ-ын харьяа Төрийн ёслолын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Өмнө нь БНХАУ-ын Бээжин хотод суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Н.Энхболдын тухайд хүүгийнхээ хадмуудад тун элэгтэй гэх. Тухайлбал, Э.Одмөнхийн хадам ээж А.Цогцэцэг 2016 онд Эрүүл мэндийн сайдаар томилогдож байв. Энэ томилгоог Н.Энхболд захиалсан гэж тухайн үедээ яригдаж байв. Мөн А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдох үед худ Н.Энхболд нь төрсөн дүү, прокурор Н.Энхтуяагаараа хамгаалуулсан гэх яриа эрүүл мэндийн салбарынхан дунд байдаг. Дараа нь 2018 онд Н.Энхболд “Өлзий дэн” ХХК-д ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн гэгдэж байв. Тэгвэл Н.Энхболдын бэр болон худууд нь “Өлзий дэн халамж” ТББ-ыг эзэмшдэг.
Мөн, Э.Одмөнхийн хадам дүү А.Азжаргал Монголбанкны Ахлах эдийн засагч болсон. Мөн Э.Одмөнхийн баз Ш.Ариунбаяр нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ын Маркетингийн хэлтсийн дарга болсон байдаг.

     Н.ЭНХБОЛДЫН ЭХНЭР Д.ДАВААМАА “МОБИКОМ”-ЫН “БОСС”-УУДЫН НЭГ

     УИХ-ын гишүүн Н.Энхболдын намтарт хувийн бизнес хийж, хүн цалинжуулсан явсан нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Тиймдээ ч, ХОМ-тээ холдинг байтугай хоршоо ч дурсаж байгаагүй. Гэхдээ түүнийг ядуу гэж ойлгож болохгүй, харин ч чадуу нь.
     Өдгөө Н.Энхболдын эхнэр Д.Даваамаа нь Монголын тоотой том компаниудын нэг болох “Ньюком групп”-ийн охин компаниудыг удирдаж яваа. Чухамдаа, “Ньюком групп”-ийн “босс”-уудын нэг. “Ньюком групп” гэхээр нийтээрээ мэдэхгүй байж магад. Харин Монгол даяар дугаар, дата-г нь хэрэглэдэг “Мобиком корпораци”-ийг эзэмшигч толгой компани нь гэвэл андахгүй таних байх. Гэхдээ “Нью ком” компанийн үйл ажиллагааг зөвхөн “Мобиком”-оор төсөөлж болохгүй. 
     Тухайлбал, Н.Энхболдын эхнэр Д.Даваамаа “Ньюком групп”-ийн “Ньюком проперти” ХХК, “Харти” ХХК, “Цэнгэг хүрээ” ХХК зэрэг охин компаниудыг нь удирддаг. Зөвхөн “Ньюком проперти” ХХК нь л гэхэд үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 340 гаруй ажилтантай том компани. Тэгэхээр Н.Энхболдыг “Төсвийн цалинтай төрийн хар хүн” гэж харах, “Хувийн бизнес хийх ч завдалгүй хувьсгалын хэрэгт завсаргүй зүтгэж дээ, тэр” гэж халаглах шаардлагагүй мэт.
      Цаашилбал, “Ньюком групп”-ийн “Клин энержи” компани нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 170 гаруй тэрбум төгрөгөөр анхны хувийн “Салхит” салхин цахилгаан станцыг барьсан. Мөн Сингапурынхантай хамтарч байгуулсан “Клин энержи ази” компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цэций” салхин цахилгаан станцыг барьсан байдаг. Эдгээрээс гадна “Ньюком групп”-ийн харьяанд “Дэвко” ХХК, “Ньюком майнинг сервис” ХХК, “Ньюфонд” ББСБ, “Фифт комбайнд хийт энд пауэр плант” ХХК, “Гоби грийн энержи” ХХК, “Цэгц” ХХК, “Ассетко” ХХК, “Монгол судалгаа” ХХК, “Монгол системз” ХХК, “Цэнгэг хүрээ” ХХК, “Нью гоби суприм” ХХК, “Хар сувд говь ренталс” ХХК зэрэг салбар бүрийн олон компани бий.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Н.Энхболдын эхнэр Д.Даваамаагийн хамтрагч, “Ньюком групп”-ийн эцсийн өмчлөгчийг Р.Арвинцогт гэдэг. Эргэн санавал, 2015 онд энэ эрийн тухай дуулиан дэгдэж байсан бөгөөд түүнийг Монголын хамгийн баян 10 хүний нэгээр нэрлэж, нийт 400 орчим сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн хэвлэлээр шуугьж байв.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД ХҮРГЭН Л.ХАШ-ЭРДЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛЖ, ЧИНГИС ХААН БАНКТАЙ ХОЛБОГДДОГ УУ

       УИХ-ын гишүүн Н.Энхболдын охин Э.Энхмаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ж.Ломбын хүү Л.Хаш-Эрдэнэтэй гэрлэсэн. Хүргэн Л.Хаш-Эрдэнэ нь БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга бөгөөд зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад ирсэн. Өдгөө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Референтээр ажиллаж буй.
Эндээс нэг ноцтой сэжүүр гарч ирнэ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболдын хүргэн Л.Хаш-Эрдэнийн эгч Л.Болор нь “Мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 10 гаруй жил ажиллаж байгаа. Харин “Мах маркет” ХХК-ийг “Чингисхаан банк” ХХК эзэмшдэг. Харин “Чингисхаан банк” ХХК-ийг Дашцэрэнгийн Батаа эзэмшдэг. Монголд Дашцэрэнгийн Батаа гэдэг нэрийг дуулаагүй хүн ховор биз. Д.Батаа Хатан Туулын бургасыг хядаж тансаг хорооллууд босгосноос эхлээд Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хадгалах нэрээр аваад “хулхидсан”, Хөгжлийн банкийг тоносон хэрэгт хүртэл холбогдсон зартай нэгэн. Гэтэл энэ зартай этгээд Н.Энхболдтой ингэж тун ойроор холбогдож байгаа нь ноцтой асуудал юм.
      Тухайлбал, Д.Батаагийн Чингисхаан банк нь 2014 онд Хөгжлийн банкнаас 13 тэрбум төгрөгийн зээл авсан. Мөн 2019 онд Хөгжлийн банкнаас 25 тэрбум төгрөгийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар аваад эргүүлж өгөөгүй. Өдгөө Хөгжлийн банканд төлөх ёстой өр төлбөр нь 38 тэрбум төгрөгт хүрээд буй. Үүнээс гадна Чингис хаан банканд байршуулаад алдсан мөнгөний үлдэгдэл буюу Нийгмийн даатгалын сангийн 100 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийн авлагын асуудал бий. Ингээд зогсохгүй, Д.Батаатай хамтран “Чингис хаан банк” ХХК-ийг эзэмшдэг “Нүүдэлчин групп” нь “Мондулаан трейд” ХХК-аараа дамжуулан Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Өдгөө Хөгжлийн банканд төлөх ёстой өр төлбөр нь 19 тэрбум төгрөг болоод буй.
      Эндээс, “Энэ бүхний цаана Н.Энхболд байсан юм биш биз” гэх ноцтой хардлага эрхгүй гарч ирнэ. Өөрөөр бол, Нийгмийн даатгалын сангаас, Эрүүл мэндийн даатгалын сангаас, Хөгжлийн банкнаас хэдэн арван тэрбум төгрөгийг хэн Чингисхаан банканд өгөв, авсан мөнгөө эргүүлж өгөхгүй гэдийж байхад нь хэн хамгаалж, хаацайлж байв гэдэг асуултуудын цаана Н.Энхболд байгаа юм биш биз гэх хардлага гарч ирж байгаа юм.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
https://ergelt.mn/news/175/single/27586

URL: