Дарга нар гадаад явахаараа аймаар том юм ярьдгаа боль, ирээд хэдэн малчнаа дийлэхгүй байж…
Манай том дарга нар, шийдвэр гаргах түвшний хүмүүс гадаадад очихоороо том том юм ярьж, уул уурхай, уран, газрын ховор элемент, хагас дамжуулагч… гээд гадныхны сонирхож байгаа бүхнээр хамтран ажиллах гэрээ хэлэлцэж, гарын үсэг зурж, өнөө маргаашгүй Монголд том төсөл эхлүүлэх аятай аягалдгаа одоо боль оо. Дагаж яваа хэвлэлүүд нь ийм ч төсөл, тийм ч үйлдвэр, тэдэн тэрбумын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэлээ хэмээн нийгэмд уралдан мэдээлэх. Нээрэн ч тэгэх гэж байгаа юм бодож итгэх. Ирээд юу хийхийг нь харахаар “Байхгүй ээ, өнөө станцын чинь ажлыг яг эхлүүлэх гэтэл гурван малчин очоод эсэргүүцээд хэвтчихлээ, тэр үйлдвэрийн шавыг тавих гэтэл тэдэн малчин ирээд машин хаагаад хэвтчихлээ…” гээд зогсоцгоож байх. Уулын мухарт байгаа хэдэн малчнаа дийлэхгүй байж уул уурхайн том төслүүдийг гадныхантай ярихаа больчихооч. Ярьсан бүхэн чинь худлаа болдог болохоор эцэстээ үнэмших хүн дэлхийд олдохоо болилоо. Бүүр нэг тохуутайяа ярих Канадын компанийн захирлын дүр төрх нүдэнд харагдаж байна. Тэрбээр өнгөрсөн хавар Соал Монголиа-д оролцох үеэрээ “Та нар орон нутагтайгаа ойлголцож чаддаггүй шүү дээ, хэдэн хүмүүс ирээд машин доогуур ороод хэвтчихдэг, яаж ч болдоггүй…” хэмээн инээгээд, танай цэрэг цагдаа ч тэднийг дийлдэггүй, ийм байж энд том төсөл ярих хэрэг байгаа юм уу хэмээн УИХ-ын гишүүнтэй ярилцаж зогсохыг сонсож билээ. Эмгэнэлтэй нь Их хурлын гишүүн тэрбээр хэлэх үггүй байгаа харагдсан. Монголын төр ийм л байгаа шүү дээ. Орон нутгаа дийлж, захирч, хүчрэхээ байсан төр засагтай болоод удаж байна. Энэ талаар яагаад ярихгүй байгаа юм. Бодит кейсүүд олон. Монголын эрчим хүчний салбарт хэрэгжих өндөр магадлалтай байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байна. ТЭЗҮ, хөрөнгө мөнгө, ажиллах хүч… тэнд дутуу юм юу ч алга. Хамгийн ихээр хэрэглэгдэх цементийн үйлдвэр нь хүртэл тэнд баригдчихсан, хэрэглэгчээ хүлээгээд дүнгэнэж байна. Гэтэл хэдэн малчин очоод хөндлөн хэвтчихсэн. Их хурлын дарга нь эхлээд очлоо, барсангүй. Ерөнхий сайд нь очиж уулзалт хийж, шагнал урамшил хүртэл өглөө барсангүй. Тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь үг цухуйлгахаас айцгаан тойрч давхицгаах. Эцэст нь яав, эмэгтэй хүн аваачиж аймгийн Засаг даргаар нь тавилаа шүү дээ. Эрдэнэбүрэнгийн станцыг л малчдаас айлгүй хөдөлгөх үүрэгтэй 30 настай охин тэнд үзэж тарж байна. Бод доо, Монголын төрийг удирдаж байгаа эрчүүд, дарга нар Ховдын хэдэн малчныг барсангүй. Эцэстээ эмэгтэй хүн өмнөө бариад зогсож байна. Могойд барьдаг мод гэдэг шиг. Ийм байж элэнцгээ хийгээд том том уул уурхайн төсөл, уран, газрын ховор элемент, метан, занарын гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөр, мөнгөн дүнг гадаадынхантай яриад явдаг юм бэ. Ирээд энэ хэдэн малчнаа дийлж тэр төслөө хөдөлгөж чадахгүйг чинь монголчууд бүгд харж байхад.
Уран бол улс орны хөгжил. Үүнд төр засаг бүх анхаарлаа төвлөрүүлэхэд Монгол Улс эрчим хүчний диваажин болох нь батлагаатай. Үүний төлөө хэн явж, хэн эсэргүүцэж байна вэ. Хэдэн малчнаасаа айгаад хэн ч зүрхэлж дуугарахаа больчихсон 20 жилийн нүүрийг үзэж байна. Дорноговь-Улаанбадрах… гэнгүүт улсынхаа Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын гишүүд нь, сайд дарга нарынх нь зүрх үхэж байна. Бодит үнэнийг хэлье, “Гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компани Дорноговь аймагт ураны хайгуул эхлүүлснийг эсэргүүцэн зэвсэгт тэмцэл өрнөж, орон нутгийн иргэд нь газар орны байрлалаа
ашиглан тэмцдэг, төр засаг нь ч орж чадахаа байсан тусгай бүс, иргэний дайны талбар боллоо” гэсэн утгатай мэдээлэл гадна талд явдаг болсныг монголчууд мэддэггүй. Уул уурхайн эерэг, сөрөг мэдээллийн хамгийн том терминал дотор улаан тэмдгээр анхааруулагдсан газар Монголын Дорноговь болчихсон байна шүү дээ. Тийм
тэмдэглэгээтэй уул уурхайн бусад орд газрууд дэлхийд хаана гэхээр Африкийн отог омгийн дайнтай бүсүүд байдаг юм. Монголын хэсэгхэн газарт улаан тэмдэг байдаг нь Дорноговь дахь ураны ордын хэсэг. Ийм эмгэнэлт дүр зургийг юу ч мэдэхгүй малчид бий болгож байна. Монголын малчид нь Таван толгой, Оюу толгойгоос орж ирдэг мөнгөөр тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, хүнсний талон, ноосны урамшуулал, ямааны мөнгө… өөр юу юугаа ч авч байгаа билээ. Ийм эрүүл бус үзэгдэлтэй Монголын төр засаг яагаад хуулийн хүрээнд тэмцэхгүй байгаа юм. Яагаад хэдэн малчид машиных нь өмнө очоод хэвтчихээр хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт зогсчихоод байгаа юм.
Бодит үнэн гэвэл малчдыг цаанаас нь өдөөн дэвэргэдэг хүч нь аймаг, сум, багийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид гэх хүмүүс. Тэд уг нь орон нутаг дахь Монгол төр юм. Гэтэл төр нь дотроосоо өтсөний том жишээ энэхүү малчдын турхиралт. Малчид орилж орилж хоолой нь сөөгөөд гэртээ харьцгаадаг. Үр дүнд нь төсөл хөдөлгөх гэсэн компанийн эзэд орон нутгийн удирдлагууд дээр очно. Ингээд авцаа өгцөө, авлига хахууль… яригдана. Улаанбаатар хотод таван орон сууцтай, 10 жил сумын Засаг дарга хийж байгаа хүнийг Монголын төр яаж ч чадахгүй байна. Тэр зуны наадмын өмнө ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж очоод, хүчнийхнээр баривчлуулж авчирсан сумын Засаг даргыг УИХ-ын гишүүд босох шахан эсэргүүцэж суллуулсныг тодорхой хүрээнд мэднэ. Яахаараа сумынхаа малчдыг хамгийн ихээр тухирдаг, босгодог, нэг муу сумын Засаг даргыг дийлэхгүй буцаад ажилд нь тавьдаг юм. Ямар эрх ашгаар холбогдсон гэхээрээ сумын Засаг даргын төлөө Монголын парламент доргидог юм.
Ийм арчаагүй, өчүүхэн, жалгын мухарт байгаа хэдэн малчнаасаа дор Монголын дарга нар та бүхэн ОУ-ын хурал чуулганд оролцож, улс орны төр засгийн удирдлагуудтай уул уурхай, эрдэс баялаг, томоохон ордуудын гэрээ хэлэлцэл ярилцаж байхаасаа ичээч ээ. Гадныхантай ярьсан бүхэн чинь хэдэн малчдаас болж бүтэхгүй болохоор чинь Монголд итгэх хөрөнгө оруулагчид өдөр өдрөөр алсарч, бид өөрсдөө худалч, хулхи нэр зүүн төгсөж байна. Монгол Улс доройтож байна. Гадаадад очихоороо галзуурдгаа боль, дарга нар аа. Өөрсдийнхөө мууг маш сайн мэдэж байгаа хэрнээ Олон улсад ингэж солиорохыг чинь харахаар “Галзуурчээ” гэхээс өөр үг олдохгүй байна шүү дээ, үнэндээ.
Б.Нямаа
http://hardnews.mn/40130/
URL: