Японы шигшээ багийн дасгалжуулагч: Бид дэлхийн шилдгүүдийг ялж чадна
Японы шигшээ баг пүрэв гарагт Испанийн багтай тоглож, 2:1 харьцаатайгаар ялалт байгуулснаар хэсгээсээ нэгээр гарсан юм. Энэ ялалтын дараа Японы шигшээ багийн дасгалжуулагч Хазимэ Мориясу сэтгэгдлээ хуваалцжээ.
“Миний тоглогчид Коста-Рикад ялагдсаны дараа шинэ хуудас эргүүлж чадсанд үнэхээр баяртай байна. Бид өнөөдөр нэгдмэл баг шиг тоглолоо, энэ нь ялалт байгуулах боломжийг нэмэгдүүлсэн. Ингээд бид үр дүнд хүрлээ. Өнөөдрийн ялалт бол манай хөгжөөн дэмжигчдийн хувьд том ололт. Биднийг дэмжихээр Японоос өчнөөн олон хүн ирсэн байхыг би харсан. Энэ ялалтыг Японы ард түмэнд зориулж байна. Энэ бол Ази болон манай оронд зориулсан ялалт!” хэмээн Мориясу өгүүлснийг Рекорд дамжуулсан байна.
Түүнчлэн дэлхийн шилдэг багуудыг ялсан нь илүү итгэл төрүүлж байгааг харуулсан хэмээн мэдэгдсэн байна.
“Дэлхийн шилдэг багууд болох Герман, Ипсанийг ялсан нь улам их итгэл найдвар төрүүлж байна. Бид үүндээ сэтгэл хангалуун байгаа, гэхдээ мэдээж бидэнд суралцах зүйл олон бий. Гэлээ ч Азийн шигшээ багууд ийм тэмцээний тоглолтод ялах чадвартай гэдгийг бид баталлаа. Япон дэлхийн тавцан дээр ялж чадна” хэмээн Мориясу онцолжээ.
Өмнө нь Японы шигшээ баг Германтай тоглон ялалт байгуулсан нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд тааварлаж байгаагүй үйл явдал болсон юм. Японы шигшээ баг ийнхүү ур чадвараа гайхуулж байгаа бол Японоос багаа дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчид ёс суртахуунаа дэлхийд харуулж, тоглолт бүрийн дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэсээр байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/
URL: