Төрийн бичиг хэргийн зардалд жилд 45 тэрбум төгрөг зарцуулж байна
Төрийн байгууллагуудын бичиг хэргийн зардалд жилд 40-50 тэрбум төгрөг зарцуулж байна. Үүнд, бичгийн цаас, хэвлэгч хувилагч машин, түүний хор, будаг зэргээс эхлээд, албан бичгээ хүргүүлэх шуудангийн зардал зэрэг зардлууд багтдаг байна.
Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгдсэн тайланд бичиг хэргийн зардалд 25,3 тэрбум төгрөг, Шуудан, холбоо, интернэтийн төлбөрт 18,2 тэрбум төгрөг буюу нийт 43.5 тэрбум төгрөг зарцуулсан болохыг тусгажээ. Харин 2020 оны санхүүгийн нэгдсэн тайланд дурдсанаар бичиг хэргийн зардалд 25,3 тэрбум төгрөг, Шуудан, холбоо, интернэтийн төлбөрт 20,1 тэрбум буюу нийт 45.4 тэрбум төгрөгийг төрийн байгууллагын төсвөөс зарцуулсан байна.
Төрийн байгууллагууд албан бичиг хэвлэн, түүнийгээ нөгөө байгууллагадаа шуудангаар хүргүүлэх нь цаг хугацаа үрсэн үйлдэл болохоос гадна эдийн засгийн нэн шаардлагагүй зардал үүсгэж байгаа үйлдэл юм. Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт тавин ажиллаж буй энэ үед төрийн байгууллагын бичиг хэргийг цахимжуулах нь эдийн засгийн асар их хэмнэлт болохоос гадна үйлчилгээ авч байгаа иргэдэд ч хурдан шуурхай үйлчлүүлэх боломжийг бий болгох боломжтой юм.
Төрийн нэг байгууллагаас сард дунджаар 100 албан бичиг гардаг гэж үзэж, нэг удаагийн шуудан хүргэлтийг 3000 төгрөг гэж тооцвол, тухайн байгууллагын шуудан, холбоо, интернэтийн төлбөрөөс сард 4,866,400 төгрөг хэмнэх боломжтой. Төрийн байгууллагууд албан бичиг солилцооныхоо хэвшмэл, зардал ихтэй энэ асуудлыг шийдэж, нэгдсэн цахим системтэй болчихвол байгууллагаас байгууллага хооронд бичиг солилцохдоо хугацаа алдахгүй, санхүүгийн хувьд хэмнэлт гарах, иргэдэд чирэгдэлгүй байх гээд олон талын ач холбогдолтой.
Түүнчлэн төрийн бүх шатны байгууллага өдөрт 500-600 боодол цаас буюу 250-300 мянган хуудас цаас ашигладаг гэх албан бус судалгаа ч байна. Эндээс харвал байгал экологид хүртэл ямар их хэмжээний хорогдол үүсгэж байгааг, түүнийг цахимжуулан шийдэх шаардлагатайг харуулна.
Өнөөдрийн байдлаар 5500 орчим төрийн байгууллага албан хэрэг хөтлөлтөд олон төрлийн, ялгаатай (Erp.e-mongolia.mn, Able.mn, Edoc.gia.mn, Edoc.mn, Edoc.ulaanbaatar.mn, Erdenes.edoc.mn, Edoc.ecustoms.mn, Procuror.edoc.mn, Tsagdaa.edoc.mn) зэрэг нийт 15 орчим системийг ашиглаж байгаа ба эдгээр системүүд нь хоорондоо уялдаагүйгээс бичгээ цахимаар солилцох боломжгүй, заавал хэвлэж, зөөдөг байдлаар бичиг хэргийн харилцаагаа зохицуулсаар байна.
https://tsahiur.mn/n/s/12110
URL: