​Х.Бадамсүрэнг яллагдагчаар татжээ

image_660АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлаар 43 хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж буй. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон 14 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн 87 хүн, долоон байгууллагыг яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Яллагдагчаар татсан 87 хүнийг задалбал улс төрд нөлөө бүхий 5, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 53, бусад төрийн байгууллагын албан тушаалтан 3, аж ахуйн нэгжийн албан тушаалтан 26 хүн бий гэж Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн.

Тэгвэл Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн дунд хоёр ч Хөдөлмөрийн баатар байгаагийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан, одоо төрийн байгуулсан “Зэсийн групп”-ийн захирлаар ажиллаж байгаа Х.Бадамсүрэн багтсан байна. Түүнийг Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч болох Бэрэн группийг зээл авахад нөлөөлсөн, цаашлаад албан тушаалын байдлаараа нөлөөлсөн байх магадлалтай гэж үзжээ. Тодруулбал, Х.Бадамсүрэн нь  Бэрэн группийн ТУЗ-ийн дарга байхдаа Хөгжлийн банкнаас зээл авах, улмаар гангийн үйлдвэрийг байршлыг нь солих, цаашлаад Эрдэнэтэд барих шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гэж үзсэн бололтой. Мөн Бэрэн группийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөрийг эл хэрэгт яллагдагчаар татсан.

Бэрэнгийн Эрдэнэтэд барих гангийн үйлдвэр одоо ч бүрэн дуусаагүй, Герман, Хятадаас хэд хэдэн зуух авсан ч тохиргоо, холболт амжилтгүй болж, ажиллах боломжгүй болоод байгаа аж. Уг төслийг дуусгахад дахин 10-15 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж төслийн удирдагчид мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн “Бэрэн”-гийнхэн ажилладаггүй үйлдвэрээ өрөндөө өгье гэх  саналыг Хөгжлийн банкинд тавьсан байна.

Бэрэн группийн Хөгжлийн банкнаас авсан хоёр удаагийн зээлийг танилцуулбал:

  • Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоол, Монгол Улсын Хөгжлийн Банкны ТУЗ-ийн 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 8 дугаар тогтоолын хүрээнд 27.2 сая хүртэлх ам.долларын зээлийг “Бэрэн групп” ХХК-д 45 сарын хугацаатай Арматурын үйлдвэр зориулан олгохоор шийдвэрлэсэн.
  • ТУЗ-ийн 2017 оны есдүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 7 дугаар тэмдэглэлийн дагуу 18 сая хүртэлх ам.доллар зээлийг “Бэрэн групп” ХХК-д 36 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтэд зориулж 11.6 сая ам.долларын зээлийг олгосон бөгөөд зээлийн хяналтаар 2.6 сая ам.доллар орчим зээлийн зарцуулалт баталгаажаагүй тул үлдэгдэл санхүүжилт болох 6,347,773.51 ам.долларыг банк олгоогүй гэсэн түүхтэй байна. Уг зээлийн хугацаа 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр дуусжээ.

Өнөөдрийн байдлаар Бэрэн групп Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчдийн нэг бөгөөд нийтдээ 180 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

http://itoim.mn/article/KzrVP/35662


URL: