Э.БАТ-ҮҮЛ: Манай нам нэгдэхэд уг нь амархан. Дээд шүүхийн шийдвэрийг л биелүүлчих хэрэгтэй

a1d66ad6bdc113583047673c1d3d2f62-АРДЧИЛЛЫГ ХАМГААЛАХ ХАМГИЙН ТОМ ХҮЧ БОЛ ГЭР ХОРООЛЛЫНХОН. ТЭД ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТАД ХАМГИЙН ИХ ӨРТСӨӨР ИРСЭН УЛСУУД-

        УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

        -Ардчилсан хувьсгалын үндэслэгчдийн нэг та. Тиймдээ ч сүүлийн үед цахим хаягаараа дамжуулж, эрх эрх чөлөөний тухай нэлээд байр сууриа илэрхийлэх боллоо. Ардчилсан засаглалтай болоод 30 гаруй жил болж буй манай улсад ардчилал хэр хөгжсөн гэж та хардаг вэ?

      -Ардчилал ард түмний итгэл үнэмшилд хүрч, үнэт зүйл болж чадсан үед л ардчиллыг хөгжиж чадсан гэх ёстой. Энэ хэмжүүрээр авч үзвэл ардчилал хөгжиж чадаагүй. Ардчилал нийгэмдээ үнэт зүйл нь болж чадаагүй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин шиг дарангуйлал тогтоохдоо шуналтaй улстөрч гарч ирвэл олон түмний дэмжлэгтэйгээр дарангуйлал тогтоож мэдэхээр байна.

       Зол болоход дарангуйлагч болох улайрсан амбицтай улстөрчид эрх баригчид дунд хараахан алга байна. Магадгүй МАН, В.И.Путин ч лидертэй болоод тэр нь дарангуйлал тогтоох гээд элдэв маневр хийгээд эхэлбэл харин хэцүүхэн юм болно.Оросууд чанга гар нэхсээр байгаад Путин гэдэг дарангуйлагчтай болж авсан, одоо тэр чанга гар нь улсаа сүйрэл рүү, ард иргэдээ ядуурал руу чирч явна. Үүнийг харсаар, мэдсээр байж манайхан чанга гар нэхсээр, дарангуйллыг хүссээр байна.

        -Нэг нам дангаараа ноёрхож байгаа энэ үед хуучин нийгэм рүүгээ ухарч байна гэж ярих боллоо. Энэ үнэн үү. Цаашид бид яах ёстой вэ?

       -Хараахан дарангуйлал тогтчихоогүй байгаа ч хуучин нийгэм рүүгээ ухарсаар байгаа нь үнэн. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулиа хамгаалахаа болиод МАН-д үйлчилдэг боллоо, Шүүх эрх мэдэл хараат бус байдлаа алдаад МАН-ын засагт үйлчилдэг боллоо, прокурор цагдаагийн байгууллага “Путины орос школ”-оор ажилладаг боллоо, чөлөөт хэвлэлүүд эрх баригчдад төлбөртэй үйлчилдэг боллоо, Ардчилсан нам маань эрх баригчдын хүссэнээр хагарч тоглодог боллоо. Ер нь ардчиллын институтүүд нурж байна. Эрх чөлөөнөөс залхаж байгаагаа, хуучин нийгмээ санагалзаж байгаагаа Путиныг дэмжих маягаар, цөөнгүй хорсолтой  харуулсан. Ийм үед залуучууд л Монголын ардчилал, эрх чөлөөг аварна. Тэднийг дэмжих хэрэгтэй. Монголчуудын аз болоход эрх чөлөөг эрхэмлэгч түүний төлөө ямар ч хатууг үзэн тэмцэхэд бэлэн зоригтой залуус цөөнгүй байна.

     Сүүлийн үед тэднийг дэмжих явдал нийгэмд хурдацтай өсөж байгаа харагдана. Мөн чөлөөт сэтгүүлчдийг санхүү, зохион байгуулалтын гээд бүх талаар нь дэмжих хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалагчдын хөдөлгөөнийг өрнүүлэх хэрэгтэй. Д.Цогтбаатар гишүүний санаачлан батлуулсан хуулийг амь оруулан ашиглаж чадвал дарангуйлал тогтоохоос хамгаалах боломжийг энэ хууль монголчуудад олгож байгаа юм. Хүний эрхийг хамгаалагчдын хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж чадвал ямар ч амбицтай чанга гар дарангуйлал тогтоож зүрхлэхгүй. Ардчиллыг хамгаалах хамгийн том хүч бол гэр хорооллынхон. Тэд ялгаварлан гадуурхалтад хамгийн их өртсөөр ирсэн улсууд. Тэдний хүлээн зөвшөөрүүлэх хүсэл бол ардчиллын маш том хүч.Тэд чинь газрыг үнэгүйдүүлснээс хохирсон газрын эзэд шүү дээ.

Ардчилсан улсад тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь цагдаа, төр нь үйлчлэх ёстой

     -Хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч ардчилсан улс гэж манайхыг үздэг ч сүүлийн үед энэ зарчим алдагдаж байна гэх нь бий. Тухайлбал, саяхан Ерөнхий сайд “No war” хөдөлгөөний хэсэг залуусын эсрэг гомдол гаргаж, шүүхээс ял оноосон. Та энэ талаар ямар бодолтой байгаа бол?

       -Цагдаа, прокурорын байгууллагууд хуучны Орос “школ”-оор ажиллаад байна. Уг нь тайван замаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхийг Үндсэн хуулиндаа манайх тусгасан. Гэтэл энэ эрх, эрх чөлөөнд нь халдаж байна. Өөрөөр хэлбэл, манайд ОХУ-ын туршлагыг оруулж ирж байна. Ардчилсан улс дарангуйлагч улсын хооронд ямар ялгаа байдаг вэ гэхээр, ардчилсан улсад тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд нь цагдаа, төр нь үйлчлэх ёстой. Жагсаал, цуглааны хажуугаар хүчирхийлэл үйлдээд эхэлбэл, эмх замбараагүй байдал үүсвэл түүнийг нь цагдаа тараадаг юм. Тодруулбал, жагсаал, цуглаан хийх эрхийг нь хангаж, хамгаалж өгдөг гэсэн үг.

      Харин дарангуйлагч улсад тайван замаар цуглаан хийж байхад түүнийг нь цагдаа нар хүчирхийлж тараадаг. Гэтэл манай цагдаа нар  тайван замаар жагсаж байсан иргэдээ өөрсдөө очиж өдчихөөд, буцаагаад залуучууд хариу үйлдэл барихаар нь хорьж, цагддаг байж болохгүй.

     -Таныг бас нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ажигласан гэх хэрэгт буруутгаж, шүүхийн шийдвэрээр цагдан хорьж байсан. Энэ хэрэг чухам юу болсон юм бэ?

      -Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлттэй болж, шүүхийн танхим дүүрэн хүн энэ хуралд оролцсон.  Ингээд намайг хууль бусаар хэрэг үүсгэн шалгасан байна гэдгийг шүүх тогтоож, үүний дагуу прокурор хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндсэндээ улс төрийн зорилгоор гүтгэсэн гэсэн үг.

Д.ОДБАЯР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙГ МАН-Д ТУШААЧИХСАН БОЛОЛТОЙ

       -МАН төрийн эрхийн авснаасаа хойш Үндсэн хуулиндаа хоёр ч удаа гар хүрч, Засгийн газрын бүтцийг дуртай үедээ өөрчилчихдөг боллоо. Та ер нь төрийн түшээд хийж, бодлого тодорхойлж явсан хүний хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа бол?

       -Үндсэн хуулийн цэц МАН-д үйлчилдэг болсноос хойш энэ нам Монгол Улсын Үндсэн хуулийн дээр гарсан. Намын кадр ажилтнаар Үндсэн хуулийн цэцийн дарга тавих ийм л хортой. Одоогийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийг МАН-д тушаачихсан бололтой. Д.Одбаяр Монгол Улсын түүхэнд нэр нь ямар толбо болон үлдэхийг ойлгоогүй нь харамсалтай.

        -Улс төрд, тэр тусмаа төрийн албанд тодорхой цензур гэж байр хэрэгтэй болов уу. Хэдхэн долоо хоногийн өмнө МАН хамгийн залуу дэд сайдын ХХААХҮ-ийн яаманд томиллоо. Гэтэл удалгүй бас нэг сайдаа цахимд гарсан шүүмжлэлээр л суудлаас нь буулгачихсан. Төрийн дархлаа гэж байна уу?

      -Төрийн албанд зүтгэхэд боловсрол, туршлага хоёрыг хэмжүүр болгож ирсэн уламжлал алдагдсаар яваад одоо бүр байхгүй боллоо. Нам хүсвэл “цэцэрлэгийн хүүхэд” ч сайд болж мэдэх бололтой. МАН галзуурвал, морио Ромын консул болгосон хаан шиг болчихгүй байгаа даа гэж санаа зовж сууна.

ХОТЫН ХӨНДЛӨН ГУДАМЖНУУДАД СААД БОЛОХГҮЙ ГАЗАР ДООГУУР ДАВХИХ МЕТРО БАРИХГҮЙГЭЭР ТҮГЖРЭЛИЙГ НЭГ МӨР ШИЙДЭХ АРГАГҮЙ

      -2023 оны төсвийг батлахдаа хотын түгжрэлийг бууруулах талаар нэлээд ярьсан. Ингээд түгжрэлийн асуудлыг хариуцсан  сайдтай хүртэл болсон. Та хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд энэ түгжрэл бууруулах шийдлийг хэрхэн оновчтой тодорхойлох ёстой гэж харж байгаа вэ?

      -Хотын хөндлөн гудамжнуудад саад болохгүй газар доогуур давхих метро барихгүйгээр түгжрэлийг нэг мөр шийдэх аргагүй. Түгжрэлийг шийдэх ажиллагаа угаасаа богино, дунд, урт хугацаанд хэрэгжих арга хэмжээнүүдээс бүрдэнэ. УИХ-аар 2013 онд батлагдсан хотын ерөнхий төлөвлөгөөнд эдгээр арга хэмжээнүүд тусгагдсан байгаа шүү дээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын сайд Д.Сумъяабазар УИХ-ын уг баримт бичгийг анхааралтай үзэх хэрэгтэй.

        -Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг улс төсвөөрөө хийнэ гэж байгаа. Үүнтэй холбоотой төр хувийн байгууллагын ажил руу хэт орж байгаа гэх шүүмжлэл ч бий. Тэгэхээр та энэ салбарын бодлогыг тодорхойлж, удирдаж байсан хүний хувьд ямар гарц гаргалгаа байна гэж харж байгаа вэ?

     -Нийтийн тээврийг хувийн хэвшлээр хийлгэх гол үндсэн нөхцөл нь тухайн нийтийн тээвэр эрхлэх этгээдэд маршрутын замыг нь урт хугацаагаар эзэмшүүлэх хэрэгтэй. Эс тэгвэл хувийн хэвшил хөрөнгө оруулж тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй. Маршрут нь хураагдаад солигдоод байдаг бол нийтийн тээврийн компаниуд хоноцын сэтгэлээр л хандана.хөрөнгө оруулалт чиг олдохгүй.

         -Та Ардчилсан намаа эв түнжинтэй байлгах гэж нэлээд явсан. Ардчилсан намыг нэгтгэх ажилд сүүлийн үед анхаарав уу. Хэр ахицтай байгаа бол?

       -Ямар ч байсан Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр маань одоогоор Сонгуулийн ерөнхий хороо, Дээд шүүх хүлээн зөвшөөрсөн намын ганц албан тушаалтан.Тийм учраас төрийн байгууллагуудтай намын нэрийн өмнөөс харьцах хууль ёсны албан тушаалтантай гэсэн үг. Манай нам нэгдэхэд уг нь амархан. Дээд шүүхийн шийдвэрийг л биелүүлчих хэрэгтэй. Тэгвэл намын шинэ дарга маань бүртгэгдээд хагаралгүй болно доо.

https://ergelt.mn/news/41/single/27227


URL: