“Төв банк тоормос гишгэх үед Сангийн яам хаазан дээр гишгэж болохгүй”

а7_20221101111436Украины дайны улмаас үүссэн ОХУ-ын эрчим хүчний хямрал Европын эдийн засагт хүндээр тусах төлөвтэй байгаа бөгөөд евро хэрэглэдэг 19 орны тал хувь нь уналтад орох төлөвтэй байна гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева пүрэв гарагт Евроньюс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тэнгэрийн хаяа мэдэгдэхүйц харанхуйллаа. Нэг жилийн өмнө бид КОВИД-оос эдгэрч байсан бөгөөд дэлхийн эдийн засаг зургаа гаруй хувийн өсөлттэй байсан. Дараа нь хоёр цочрол буюу Омикрон болон Оросын Украин дахь дайн нь сэргэлтийг тасалдуулсан” гэжээ. Георгиева Брюссельд болсон “Зах зээлийг хүмүүст зориулах” арга хэмжээнд үг хэлснийхээ дараа Euronews-ийн бизнесийн редактор Саша Вакулинатай уулзаж ярилцсан байна. “Нэгдүгээр зорилт бол инфляцын эсрэг тэмцэж, ялах явдал юм. Төв банкууд тоормос гишгэж байх үед Сангийн яамдууд хаазан дээр гишгэж болохгүй” гэв.

“2023 он 2022 оноос илүү хэцүү байх болно”

Георгиева ЕХ-ны бодлого боловсруулагчид санхүүгийн дарамтанд байгаа айл өрх, компаниудад “зорилтот, цаг тухайд нь, түр зуурын” дэмжлэг үзүүлж байгааг сайшааж, эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг тэнцвэржүүлэхийн тулд эрчим хүчний хэмнэлтэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэжээ. Гэхдээ маш том сорилтууд хүлээж байна гэдгийг тэрбээр тодотгосон байна. Георгиева “2023 он 2022 оноос илүү хатуу байх болно. Ирэх өвөл Европын хувьд энэ өвлөөс ч илүү ширүүн байж магадгүй. Яагаад гэвэл Европын бодлого боловсруулагчид хийн агуулахыг дүүргэхийн тулд маш хурдан ажилласан. Хэрэв Орос Европт хий нийлүүлэхгүй байх нөхцөл байдал хэвээр байвал ирэх жил энэ хийн агуулахыг хэрхэн дүүргэх вэ. Худалдан авалт амжилттай байсан ч наймдугаар сард шатахууны үнийг түүхэн дээд хэмжээнд хүргэв. Манай нутаг дэвсгэр дээр дахин дайн болж, дүрвэгсэд, бүслэлтэд байгаа хүмүүсийн асар их зовлон зүдгүүрийг хараад үнэхээр сэтгэл өвдөж байна. Энэ хэзээ ч давтагдахгүй гэж бид бодсон” гэв.

Георгиева Оросын эдийн засгийн талаар ярихдаа 2022, 2023 онд эдийн засгийн бууралт, дунд болон урт хугацааны сөрөг үр дагавартай гэж таамаглаж байна. “Нэгдүгээрт, Орос улс орныхоо эдийн засгийг шинэчлэх, төрөлжүүлэхэд тусалсан технологид нэвтрэх эрхээ алдаж байна. Хоёрт, хүмүүсээ алдаж байна. Дайны улмаас Оросууд, ялангуяа өндөр мэргэшсэн оросууд гадагшаа гарч байгаа нь Оросыг хохироож байна. Гуравдугаарт, дэлхийн эдийн засаг дахь үүргээ алдаж байна” хэмээсэн байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


URL: