Э.Цэндбаатар: Бооцооны мөнгөө аваагүй. Тэмцээнд орсон биш өрөнд ороод дууссан
Монгол Улсын Гавьяат тамирчин боксчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нар өнгөсөн есдүгээр сард 600 сая төгрөгийн бооцоотой халз тулааныг Бөхийн өргөөнд амжилттай хийсэн билээ. Тус халз тулаанд Э.Цэндбаатар илт давуу ялалт байгуулж 600 сая төгрөгийн эзэн болсон. Гэвч өрсөлдөгч З.Шинэчагтага болон түүнийг дэмжсэн ах нар нь 600 сая төгрөгөө өгөөгүйгээс болж өнөөдөр гавьяат тамирчин маань өрөнд орж, гэр бүлийнхээ хамт гэр хороололд амьдарч байгаа талаараа ISEE.MN сайтад ярилцлага өгчээ.
Тэрбээр “Бооцооны мөнгөө авсан бол энд ингэж амьдрахгүй шүү дээ. Гадагшаа гараад явсан байгаа. Надад мөнгөө өгөөгүй. Би тэмцээнд орохын тулд зарлага гаргасан. Тэмцээнд орсон биш өрөнд ороод дууслаа. Ямар нэгэн гэрээ хэлэлцэл хийгээгүй, аман гэрээ буюу итгэлцлээр нэгэндээ 600 сая төгрөг өгнө гэж ярилцсан. Гэвч манай ялагдсан өрсөлдөгч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй байна” гэж ярьжээ.
Харин өрсөлдөгч З.Шинэчагтага нь бооцооны мөнгөө өгсөн гэж мэдээлсэн нь чухамдаа бол худлаа ажээ.
URL: