М.Оюунчимэг, Б.Лхагвасүрэн хоёр юу ярив
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд хэрэгжих Хятадын барилгын компаниуд руу Эрдэнэс Таван толгой компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын барилгын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал Эрдэнэс Таван толгойгоос гарсан юм бэ. Арилжааны банкуудын мөнгөн гуйвуулга дээр хяналт сул байгааг ОУВС-гийн дүгнэлтэд дурдсан байсан. Энэ асуудал дээр би маш бодит мэдээлэл авмаар байна” хэмээн асуусан юм.
Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа Эрдэнэс Таван толгой компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын борлуулалтын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна. Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Төв аймгийн нутагт эрчим хүчний эх үүсвэр болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хэрэгжиж байгаа. Энэ цахилгаан станцыг барих ААН нь Хятадын барилгын компани байгаа. Томоохон хэмжээний төлбөрүүд энэ компани руу орсон. Хятадын барилгын компаниудтай холбоотой асуудал нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш. Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө үлдэж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар зөрүү нь 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байгаа” хэмээн хариулсан.
Энэ асуулт хариултаас маш том асуудал үүссэн нь нэгэнт илэрхий боллоо. Ийнхүү нүүрстэй холбоотой дахин нэг шуугиан гараад ирлээ. Нүүрсний мафи гэх нэр томьёо ч бий боллоо. Оффтейк гэх үг олон нийтийн дунд хэллэг боллоо. Энэ бүхний цаана буй хамгийн ноцтой зүйл бол Хятад руу зарсан нүүрсний мөнгө Хятаддаа барилгын материал болоод үлддэгт байгаа юм. Гэтэл тэр барилгын материалаар барьсан барилга нь өнөөдөр Монголд барилга байшин болоод сүндэрлэсэн зүйл огт алга. Манайхаас гарч буй нүүрс Хятадаас валют болж орж ирэх ёстой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг удаа нүүрсний хулгайнаас болж манай улсын ДНБ хоёр дахин бага байна гэх агуулгатай зүйлсийг хэлж л байсан. Үнэхээр нүүрсний хулгайн гороор бид асар их хэмжээний мөнгийг алдаад яваад байсан юм биш биз. Энэ талаар анх шүгэл үлээсэн М.Оюунчимэг гишүүн Хятад руу зарсан нүүрсний мөнгө болох 2.5 тэрбум ам.долларыг Хятадын барилгын компани руу хэн гэдэг хүн эсвэл ямар бүлэглэл гаргасныг зарлах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг улстөрчийнхөө хувьд эх орныхоо төлөө энэ асуудлыг ил болгож гаргаж ирэх ёстой. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ч мөн адил Хятад руу зарсан нүүрсний мөнгө ямар банкаар дамжаад хаашаа орсныг ил болго. Энэ бол эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг чинь. Хэрвээ ингэж зарлахгүй бол эх орноосоо урвасан хэрэг болно оо. Хамгийн наад зах нь шударга бус зүйлийг нуун дарагдуулсан болно. Тиймээс та хоёроос эхлээд энэ бүхний цаана хэн байгааг ил тод нээлттэй олон нийтэд зарлах хэрэгтэй байна.
https://dnn.mn/
URL: