С.Баярцогт: Дөрвөн улсын хууль хүчний байгууллагаас гэм буруугүй гэдгийг минь ТОГТООЖ, ЦАГААТГАЛАА
/2022.11.01/ УИХ-ын гишүүн асан С.Баярцогт Швейцарын прокуророос хэргийг нь цагаатгасан талаар мэдээлэл хийж байна.
Тэрээр:
-2016 оноос хойш Оюутолгойн гэрээтэй холбогдуулан надад эрүүгийн хэрэг үүсгэж маш удаан хугацаанд шалгалаа. Тухайн үед маш олон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан. Зөвхөн монголд төдийгүй тодорхой улс төрийн оролцоотойгоор олон нийтийн байгууллагын нэрээр Швейцарын холбооны улсад ч гэсэн 2016 онд хэрэг үүсгэсэн байсан. Энэ асуудлыг 6 жилийн хугацаанд Монгол Улсад шалгасан байдаг. Мөн Швейцарын холбооны улс эрхзүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд олон улсын хууль, хүчний байгууллагатай хамтарч хэргийг шалгасан юм байна лээ.
Ингээд 2020 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын Нийслэлийн прокурорын газраас надад тулгаж үүсгэсэн байсан албан ташаалаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан гэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон. Түүнчлэн Швейцарын холбооны улсаас үүсгэсэн байсан авлигал авч, мэргэжлийн аргаар мөнгө угаасан гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн тогтоолыг Швейцар дахь миний өмгөөлөгчөөр дамжуулан энэ оны наймдугаар сарын 24-ний өдөр надад ирүүлсэн.
Би анхнаасаа хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байж, өөрт хамааралтай материалуудыг өгдөг байсан. Швейцарын холбооны улс мөрдөн байцаалт хийхдээ хувь хүнийг нь маш их мэдээллээр хангадаг юм байна лээ. Энэ мэдээлэл бүрийг би АТГ болон холбогдох албанынханд өгч байсан. 6 жилийн хугацаанд муу нэртэй явсан ч гэсэн дөрвөн улсын хууль хүчний байгууллагаас гэм буруугүй гэдгийг минь тогтоож, цагаатгалаа.
Цаашид би улс төрийн үйл ажиллагаанд иргэнийхээ хувьд ч гэсэн идэвхтэй оролцоно. Хууль засагладаг төрийн төлөө, хүний эрх, хувийн өмчийг хамгаалдаг нийгмийн төлөө ажиллана гэж бодож байна гэлээ.
URL: