“Цагаан халадтай тендерийн наймаачид” буюу сайд С.Энхболдоор толгойлуулсан гэмт хэргийн бүлэглэл-I

62f8697672c6baa9f1e58c5a7f2bd98fУглааш, халадтай эмэгтэй У.Хүрэлсүхийн Засгийн газрын унах шалтаг болж, төр эргэсэн түүхэн үйл явдлаас хойш нэг жил есөн сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Эрүүл мэндийн салбарыг С.Энхболд гэх энэ залуу удирдаж ирэв.
      Тэгвэл өнгөрсөн хугацаанд С.Энхболд сайд Эрүүл мэндийн яаманд эх адаггүй томилгоо хийж, тус яамыг тендерийн наймаачид, хувийн эмнэлгүүдийн эзэд, эрх мэдэлтнүүдийг гар хөлүүдээр дүүргэлээ. Эцэст нь, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийг дэмжих сангаасаа эхлээд хоосорч байна.  Хэдхэн жишээ дурдъя. Нэгдүгээрт, С.Энхболдыг сайд болсноос хойш Эрүүл мэндийн яамны газрын даргын албан тушаал 100 сая, хэлтсийн даргын албан тушаал 35 сая төгрөгийн ханштай болсон гэх. Ингэж мөнгө төлж дарга болсон нөхөд эргээд эрүүл мэндийн салбарыг тонож, түрийвчээ түнтийлгэдэг болсон. Жишээ нь, Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн хэд хэдэн дарга тус бүр нь 1.0 тэрбум төгрөгийн үнэтэй орон сууц, хаусанд орцгоосон бол нэг дарга нь Эрүүл мэндийн даатгалын сан, Эрүүл мэндийг дэмжих сангаас 1.0 тэрбум төгрөг хувьдаа авсан гэх маш ноцтой мэдээлэл ч байна. Хоёрдугаарт, Эрүүл мэндийн яамны хэд хэдэн дарга нь хувийн эмнэлэгтэй, эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог компанитай. Хувийн эмнэлгээрээ Эрүүл мэндийн даатгалын санг хоосолж, эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог компаниараа Эрүүл мэндийн салбарын санхүүжилт өндөртэй бүхий л тендерүүдийг түүж, хариуд нь С.Энхболдын халаасанд хувь өгдөг гэх.

С.Энхболд сайд ингэж Эрүүл мэндийн яамыг самарч байгаа ч хэн ч түүнтэй хариуцлага ярьдаггүй, сайдын сэнтийгээс нь буулгадаггүйн шалтгаан нь тэр ардаа асар том хамгаалалтай гэж Эрүүл мэндийн салбарынхан ил цагаан ярьдаг болсон байна. Жишээ нь, эхнэр Б.Цолмон нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Бэрх   тосгоны бага сургуулийн нэг ангил хамт сурч байсан, хожим сайд асан Т.Мөнхсайхантай хамт Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэг анги төгссөн гэх мэтээр төр дахь холбоо хамаарал, хамгаалалт нь их гэнэ.

     Иймд Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах нэгдлээс С.Энхболдын удирдаж буй Эрүүл мэндийн яаманд “Цалам” ажиллагааг эхлүүлж, түүний толгойлдог бүлэглэлийнхнийг нэг нэгээр нь танилцуулж, эцэст нь С.Энхболдын булхай луйврыг бүтэн зургаар нь илчлэх гэж байна. Бидний “Цалам С.Энхболд сайдын толгойлдог бүлэглэлээс цаламдах эхний хүн бол Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох. 


БАРИМТ 1: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ТЕНДЕР ТҮҮДЭГ ГУРВАН КОМПАНИТАЙ, ХУВЬДАА ГУРВАН ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ Б.БУЯНТОГТОХЫГ ЯАМНЫХАА БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛЖЭЭ 

       Хавдар судлалын үндэсний төвийн хаяанд байрлах “Бриллиант” эмнэлгийн захирал хийж явсан Батсүхийн Буянтогтох гэгч энэ эр төрийн байгууллагад хүн удирдаж асан туршлагагүй, тэр тусмаа Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн ч хийж үзээгүй мөртөө 2021 оны эхээр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдсон байдаг. Төд удалгүй Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Бодлого төлөвлөлтийн газрын дарга болж дахин тушаал дэвшсэн. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд Б.Буянтогтохыг албан тушаал дэвшүүлэн эрхлүүлж буйн цаана ашиг сонирхлын асар том хоршил нуугдаж байгаа ажээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Батсүхийн Буянтогтох нь “Мэнд Эм Эн Эм” ХХК, “Бриллианс клиник” ХХК, “Монсан медикал сервис” ХХК, “Централ стерил сервис” ХХК, “Мөнх адамас” ХХК, “Хүнсний бирж” ХХК, “ДУБ” ХХК, “Цогт мэлмий” ХХК-иудыг Доржнамжингийн Бархүү болон эхнэр Доржнамжингийн Уян-Эгшиг нартайгаа хамтран эзэмшдэг ажээ.

        Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохын дээрх компаниудаас “Бриллианс клиник” ХХК, “ДУБ” ХХК, “Цогт мэлмий” ХХК-иуд нь эмнэлэг ажиллуулдаг. Харин “Монсан медикал сервис” ХХК, “Централ стерил сервис” ХХК-иуд нь эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниуд байна. Өөрөөр хэлбэл, гурван хувийн эмнэлэгтэй, эрүүл мэндийн салбарт эм, эмнэлгийн хэрэгсэл “шахдаг” гурван компанитай Б.Буянтогтохыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаараа томилж, дэргэдээ авчээ гэсэн үг.
Хамгийн ноцтой нь, С.Энхболд сайдын татаасаар тушаал дэвшиж, хаа явсан газар нь хамт явдаг болсон Б.Буянтогтох хувийн компаниудаараа улсын эмнэлгүүдээс нийт 4.3 тэрбум төгрөгийн тендер авсан байна. 

БАРИМТ 2: ЭМЯ-НЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХ ХУВИЙН КОМПАНИУДААРАА УЛСЫН ЭМНЭЛГҮҮДЭЭС 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох хувь эзэмшдэг “Централ стерил сервис” ХХК нь 2021 оны зургадугаар сараас төрийн байгууллагуудын тендерт оролцож эхэлсэн.
Тухайлбал, 
ЭХ, НЯРАЙ, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх- 1.4 тэрбум төгрөг\2021\
- Эмнэлгийн хамгаалах хэрэгсэл- 368.0 сая төгрөг
Эм, бэлдмэл, эмнэлгийнх хэрэгсэл нийлүүлэх- 10.0 тэрбум төгрөг\2022\
- Ариутгах, халдваргүйжүүлэх бодис- 103.5 сая төгрөг тус тус авчээ.


Харин Б.Буянтогтохын “Монсан медикал сервис” ХХК нь 2020 оноос эхлэн төрийн байгууллагууд, тэр тусмаа улсын томоохон эмнэлгүүдийн тэрбум давсан санхүүжилттэй бүхий л тендерүүдэд оролцож, 3.2 тэрбум төгрөгийн тендер авсан байна.
Тухайлбал, 
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 
2020 оны өндөр өртөгт мэс засалд хэрэглэгдэх имплант, протез хэрэгсэл худалдан авах тендер – 15,8 тэрбум төгрөг
- Мэс заслын нэг удаагийн багц – 428,7 сая төгрөг
Эм эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 3,2 тэрбум төгрөг
- Самбай – 324,6 сая төгрөг
Эм эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 3,5 тэрбум төгрөг
- Самбай – 374,5 сая төгрөг
Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер – 13,5 тэрбум
- Согогийн мэс заслийн нэг удаагийн багц – 210,6 сая төгрөг
Эм эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 4,7 тэрбум төгрөг
- Самбай – 237,6 сая төгрөг
Эм эмнэлэгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 3,6 тэрбум төгрөг
- Самбай – 453,6 сая төгрөг
Эм, эмнэлгийн хэрэгсэл, лабораторын урвалж, цус, цусан бүтээгдэхүүн худалдан авах тендер – 6,0 тэрбум төгрөг
- Самбай – 398,1 сая төгрөг
Өндөр өртөгт мэс засалд хэрэглэгдэх имплант, протез хэрэгсэл худалдан авах тендер – 15,8 тэрбум төгрөг
- Гэмтлийн мэс заслын нэг удаагийн багц – 333,4 сая төгрөг
Өндөр өртөгт эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер – 13 тэрбум төгрөг
- Согогийн нэг удаагийн мэс заслын нэг удаагийн хэрэгсэл – 108 сая төгрөгийн багцыг тус тус авсан.
ХАВДАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ 
Хавдар судлалын үндэсний төвд эрхтэн шилжүүлэх эмчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 800 сая төгрөг
- Хагалгааны ариун самбай – 4,9 сая төгрөг
Хавдар судлалын үндэсний төвд эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 8,0 тэрбум төгрөг
- Ороох боох материал – 136,8 сая төгрөг
Хавдар судлалын үндэсний төвд эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 7,5 тэрбум төгрөг
- Ороох боох материал – 90,6 сая төгрөг
Хавдар судлалын үндэсний төвд эм эмнэлгийн хэрэгсэл, оношлуур нийлүүлэх тендер – 7,7 тэрбум төгрөг
- Ороох боох материал – 104,2 сая төгрөгийн багцыг тус тус авсан.
    Харин  “Мэнд Эм Эн Эм” ХХК нь Mend.mn нэртэй эрүүл мэндийн салбарын мэдээлэл нийтэлдэг сайт ажиллуулдаг. Мөн төр, хувийн байгуулллагуудын бүх төрлийн онлайн хурал, сургалтыг төлбөртэй зохион байгуулж өгдөг. Энэ компанийг цааш хөөвөл “Индранил” эмнэлэгтэй холбогддог. Бүр цаашилбал, “Индранил” эмнэлэг нь С.Энхболд сайдын үед Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсон Д.Баярболдтой холбогддог сэжим ч байна. 

БАРИМТ 3: ЭМЯ-НЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХЫН “БРИЛЛИАНТ” ЭМНЭЛЭГ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖДЭГ

       Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох БЗД-ийн 18-р хороо, ХСҮТ-ийн дэргэд байрлах “Бриллиант” эмнэлэг, БГД-ийн 7-р хороо ГССҮТ-ийн дэргэд байрлах “Мед травма” эмнэлэг, БГД-ийн 17-р хороо “Энхийн мишээл” эмнэлгийн II давхарт байрлах “Цогт мэлмий” эмнэлгүүдийг тус тус эзэмшдэг. Улсын эмнэлгүүдийн хаяанд хувийн эмнэлгүүдээ ийнхүү байгуулсан нь цаанаа учиртай. Тухайлбал, ГССҮТ-ийн хаяанд байрлах “Мед травма” эмнэлэг нь гэмтэж бэртсэн иргэдэд үйлчилдэг буюу гэмтэл, үе мөч, нуруу нугасны компьютер томографи шинжилгээ хийх, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Харин ХСҮТ-ийн дэргэд байрлах “Бриллиант” эмнэлэг нь хавдраар өвчилсөн иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг буюу хорт хавдрын химийн эмчилгээ, хавдрын дараах хэвтүүлэн хими эмчилгээ, хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээ болон хавдрын мэс засал хийдэг. Дээрх эмчилгээнүүдийг 1.2-4.2 сая төгрөгийн төлбөртэй хийдэг байгаа юм. Эндээс харвал, хэрвээ ГССҮТ, ХСҮТ-ийг зорьж очсон иргэд оочер дараалал, хүнд суртал зэргээс залхвал яг хажууд нь Б.Буянтогтохын хувийн эмнэлгүүдийн хаалга нээлттэй байж байдаг гэсэн үг.

Хамгийн ноцтой нь, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохын “Бриллиант” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас давхар санхүүждэг юм байна. Тухайлбал, Б.Буянтогтохын “Бриллиант” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2020 онд 52.7 сая, 2021 онд 149.0 сая, 2022 оны эхний есөн сард 31.8 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Өмнө нь хорт хавдрын бай эмчилгээг Хавдар судлалын үндэсний төв дангаараа хийдэг байсан бол 2021 оны гуравдугаар сараас Б.Буянтогтохын “Бриллиант” хийх болж, улмаар дээрх байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрөө авдаг болжээ.

     Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга нь хувийн эмнэлгээ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, хувийн компаниудаараа улсын эмнэлгүүдийн тендерүүдийг түүж байгаа нь ашиг сонирхлын асар том зөрчил байтал Эрүүл мэндийн сайд С.Энхболд зүгээр харсаар л суугаа гэдгийг дахин онцолъё.

БАРИМТ 4: ЭМЯ-НЫ БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БУЯНТОГТОХЫН ЭХНЭР Д.УЯН-ЭГШИГИЙН “ДУБ” ХХК НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛДТОЙ ХУЙВАЛДАЖ, ХӨСҮТ-Д АППАРАТ ШАХСАН ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГАГДАЖ БАЙВ

       АТГ-ын мөрдөгчид НПГ-ын зөвшөөрлөөр энэ оны нэгдүгээр сарын 5-нд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 48 цагийн хугацаатай баривчлан саатуулж байв. Тухайн үед Д.Нямхүүг “ДУБ” ХХК-тай хуйвалдан, давуу байдал олгож 2020 оны гуравдугаар сард ХӨСҮТ-д “Өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан” хэрэгт холбогдуулан шалгасан байдаг.Тодруулбал, 1.0 тэрбум төгрөгөөр “ДУБ” ХХК-иас компьютер томографын аппарат худалдаж аваад мөртлөө 25 сая төгрөгөөр авсан гэж тайлагнах замаар төсвийн мөнгө завшсан гэх асуудал яригдаж байлаа. Хамгийн ноцтой нь, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, “ДУБ” ХХК-ийн холбогдсон энэ хэрэгт одоогийн ЭМ-ийн сайд С.Энхболдын нэр ч холбогдож байлаа.

Тэгвэл тухайн үед дуулианы эзэн болоод мартагдсан “ДУБ” ХХК-ийг ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохыг эхнэр Доржнамжингийн Уян-Эгшиг болон Доржнамжингийн Бархүүгийн эхнэр Пүрэвсүрэнгийн Ариунжаргал нар хамтран эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох нарын хоршил эртнийх гэсэн үг.

          Эрүүл мэндийн яам газар, хэлтсийн 17 даргатай. Зөвхөн нэгийг нь буюу Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга болсон Б.Буянтогтохын Эрүүл мэндийн салбарыг “тонож” байгаа баримтуудыг сөхөхөд л ийм байна. Бид “Цалам” ажиллагааны дараагийн дугаартаа С.Энхболдын толгойлдог бүлэглэлийн бусад гишүүдийн маш ноцтой баримтуудыг үргэлжлүүлэн хүргэх болно.
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ДЭРГЭДЭХ ЭРЭН СУРВАЛЖЛАХ НЭГДЭЛ- “ЦАЛАМ” ажиллагаа 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
https://ergelt.mn/news/22/single/26450


URL: