ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ “СЮРПРИЗ” Ж.ЭНХБАЯР
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдрөөс эхлэн хуралдана. Энэ чуулганаар Төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуулийн төслүүд, Орон нутгийн хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг таван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Жагсаалтад ороогүй өөр нэг асуудал бий.
Тэр нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд АН-ын бүлгээс гаргасан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах санал. АН-ын гишүүд намрын чуулган завсарлахаас өмнө асуудал тавьсан ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүйгээс үзэхэд МАН-ынхан олонхиороо дулдуйдан Ж.Энхбаярыгаа авч үлдэхээр шийдсэн нь илт.
Бусад асуудлуудын хувьд жагсаалтад орсон учраас хэлэлцэх нь дамжиггүй. Тэгээд ч сонгууль угтсан санхүүжилт батлуулах гэж байна гэсэн ганц нэг шүүмжлэлийг эс тооцвол улс төржөөд байх зүйл байхгүй. Нэг үгээр хэлбэл, шуудхан гар өргөөд явчих боломжтой гэж МАН-ынхан тооцоолсон бололтой. Тэгвэл АН-ын барометр арай өөр зүг рүү зааж байна. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах, энэ асуудлыг хэлэлцэхгүй бол завсарлага авах нь ойлгомжтой. АН-ынхан хурал хаявал хүлээгдэж буй хуулийн төслүүд гацна. Хугацаа давчуу, сонгууль дөхчихсөн үед ийм байдлаар хаврын чуулган буртантагтай тэмээ шиг буурин дээрээ эргэж ямар ч асуудал шийдэгдэхгүй. Тэгэхээр хаврын чуулганыг угтсан ээлжит бус хуралдаануудын гол сюрприз нь Ж.Энхбаяр болж таарч байна.
Тэгээд ч сонгуулийн өмнө Батлан хамгаалахын сайд “Мэргэн буудагчийн тусгай салаа байгуулъя” гэж хэлсэн нь “Байгаа андуурахгүй байхад хэрэгтэй” гэсэнтэй агаар нэг сонсогдож буй. 2008 оны сонгуулийн будлианаас үүдэлтэй үймээн, самуун таван хүний аминд хүрч, өнөө хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Долдугаар сарын 1-ний асууддаар төр уучлал гуйх асуудал ярихад Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин МАН-ынхан руу “Ард түмнээсээ уучлал гуйчихаж чадахгүй бол алуурчны нам юм байна л даа” хэмээсэн асуулт дагуулж байгаа.
Нөхцөл байдал ийм байтал жагсаал, цуглаан, галт зэвсэг хэрэглэх, тэр бүү хэл мэргэн буучид бэлтгэх тухай ярьж байгаа нь ард түмэнд ямар сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой. Өдгөө МАН-ын гишүүд “Манай Ж.Энхбаяр байлдаж тоглох дуртай бацаан байсан юм” хэмээн өмөөрсөн ч, мэргэн буудагчтай байх нь улс орны аюулгүй байдалд хэрэгтэй гэж учирласан ч асуудал ард түмний хяналтад нэгэнт очсон. АН гаргаж тавьж байгаа болохоос нийт массын үзэл, бодол тийм байгаа. Долдугаар сарын 1-нд амь эрсэдсэн таван иргэний амийг төр тавин сая төгрөгөөр үнэлсэн. Тухайн үед мэргэн буудагчтай байсан бол ямар үр дүн гарах байсан нь бүү мэд. Гэхдээ л Батлан хамгаалахын сайд гэдэг мэргэн буудагч бэлтгэн байлдах, буудах, буудсанаа онох тухай ярих бус улс орноо, ард иргэдээ, хил хязгаараа яаж батлан хамгаалах тухай мэргэн бодлогын тухай эхний ээлжинд бодох ёстой байсан болов уу.
Нөгөөтэйгүүр, хойд, урд хөршөөсөө мөнхийн хамааралтай жижигхэн Монгол мэргэн буудагч мөрөөдөж байгааг гадаад ертөнц юу гэж хүлээж авах бол… “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчээр улс төрчийн харалган үг юунд ч хүргэж болдгийг МАН-ын шижигнэсэн залуусын нэг гэгддэг шинэхэн сайд Ж.Энхбаяр бодолцоогүй гэхэд хаашаа ч юм.
Ч.ЗОТОЛ
zuunii medee
URL: