Хятадын төв хэвлэл экс даргын “бие муудсан тул танхимаас гаргасан” гэж тайлбарлав

2952e3d91ed4c231224ce3589aeb7616Бээжин хотод үргэлжилж буй Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурлын чуулганы үеэр өчигдөр тус улсын өмнөх ерөнхийлөгч Ху Жинтаог танхимаас албадан гаргасан нь сонин үзэгдэл болсон юм.

79 настай Ху Жинтао одоогийн ерөнхийлөгч Ши Жиньпиний хажууд сууж байсан бөгөөд гарахдаа дургүй байгаа нь мэдэгдэж байв.

Тэрбээр гарахынхаа өмнө Ши Жиньпинд хандаж ямар нэг зүйл хэлэхэд хариу толгой дохисон юм.

Харин төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчяний мөрөнд хүрэхэд тэр огт эргэж харалгүй эгц урагш харан сууж байв.

Сүүлд Хятадын төв мэдээний агентлаг Шиньхуа экс даргын эрүүл мэнд муу байсан тухай тайлбарлажээ.

“Хэдийгээр сүүлийн үед бие нь муу байсан ч Ху Жинтао чуулганы хаалтын хуралдаанд оролцох хүсэлтэй байсан. Чуулганы үеэр бие нь муудсан тул танхимаас гарган зэргэлдээ өрөөнд оруулж амраасан юм. Одоо түүний биеийн байдал дээрдсэн” гэж Шиньхуа мэдээлсэн байна.

Долоо хоног үргэлжилж буй ХКН-ын их хурлын ихэнх хэсэг хаалттай хаалганы цаана өрнөж байгаа. Харин өчигдөр сэтгүүлчдэд ажиллагааг сурвалжлах зөвшөөрөл өгсний дараахан ийм явдал болсон нь анхаарал татаж байна.

Ху Жинтаог гаргасны дараахан их хурлын 2,300 төлөөлөгч Ши Жиньпиний “гол удирдагч”-ийн статусыг санал нэгтэй баталсан юм.

Өчигдөр бас Хятадын хоёрдугаар өндөр албан тушаалтан болох ерөнхий сайд Ли Көчянь улс төрийн товчооны байнгын хорооны долоон гишүүнээс албан тушаалдаа хэвээр үлдсэн дөрвөн хүний нэг болсон байна.

Өнөөдөр намын их хурал хаагдахаасаа өмнө Хятад улсыг ирэх таван жилд удирдах Ши Жиньпиний гурав дахь бүрэн эрхийн хугацааг батлах юм.

Эх сурвалж: Aljazeera


URL: