ӨВӨР МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙ ЯМАР БАЙНА ВЭ?

Аливаа ястан, үндэс­тэн оршин буйн нэгэн илэрхийлэл бол өөрийн гэсэн хэл соёл, зан заншил, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэл­тэй байх явдал.  Чухамхүү тэрхүү өвөрмөц онцлог уламжлалаа дэлхийн бусад үндэстэнд тунхаглаж, соёл иргэншлээ хамгаалах нь зүйн хэрэг.

Цөөнх үндэстний дархлаа болох “үндэстний үзэл санаа” мөхвөл аяндаа бусад том үндэстэнд уусан арилдаг жишээ түүхэнд бий. БНХАУ нь олон үндэстэн, ястан оршин суудаг, үндэстэн хоорондын асуудал хурцаар тавигддаг орон. Хятадын түүхэнд үндэстний цөөнх гэгдэж буй хэдэн сая хүн  эрх чөлөө, үндэстнийхээ хэл соёл, үзэл санаагаа хамгаалж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан бөгөөд өнөөдөр ч үндэстний цөөнх гадуурхагдан сэтгэл санаа, бие махбодийн гэтэлшгүй зовлон амсаж байна. Эл асуудлыг өгүүлэхийн өмнө түүхийн улбааг нэхэн саная. 1945 онд Японы эсрэг хийсэн дайнд Хятад улс ялах нь тодорхой болсон байв. Харин Хятадын дотоодын үймээн самуун газар авах шинжтэй болсон тул тогтвортой байдлаа хангахын тулд Хятадын коммунист намын дарга Мао Зэдун Хятад улсын доторх цөөнх үндэстнүү­дэд “Өөртөө засах эрх” олгох тухай шийдвэр гар­гах үед Улаанхүү тэргүү­тэй хэсэг өвөр монголчууд марксизм, ленинизмийн онолыг заалгаж комму­нист үзлээр хүмүүжив.  1947 оны  дөрөвдүгээр сарын 23-нд Хятадын коммунист намын төв хорооны YII их хурлаас ӨМӨЗО-ыг байгуулах шийдвэр гарч, Засгийн газрын тэргүү­нээр Улаанхүүг томилж байсан түүхтэй.Түүнээс хойш Хятад улс баруун хойд бүс нутагт бүрэн хяналт тогтооход анхаарч иржээ. Тухайлбал,1954-1965 онд Хятадын нам, төрийн удирдагч Мао Зэ­дун коммунизм байгуу­лах, хөдөө тосгодыг хөг­жүү­лэх зорилт дэвшүүлсэн байдаг.

Тэрээр 1966 онд “Соёлын хувьсгал”-ыг эхлүүлж, өөрийг нь шүүмжилсэн сэхээтнүүд, нам, төрийн зүтгэлтнүү­дийг хатуу залхаан цээрлүүлсэн нь Өвөр Монголыг тойроогүй юм. Өвөр Монголын Хүний эрхийг хамгаалах хорооны баримтад дурдсанаар 1947 онд  12 мянга,1948 онд 20 мянга, 1953 онд 10 мянга, 1957 онд зураан мянга, 1968-1969 онд 45 мянга гээд нийтдээ 63 мянган өвөр монгол иргэн алагдаж, 79 мянган хүн тахир дутуу болсон байна. Мөн үүний зэрэгцээ статистикийн бүрэн бус тоо баримтаар, 1970-1990 онд долоон мянган өвөр монгол хүн ямар нэг шалтгааны улмаас алуулжээ. Хамгийн хэцүү үе нь 1969 он байв. Монгол хэлээр хичээл зааж байсан бүх их, дээд, дунд сургуулийг татан буулгаж,  монгол хэл, бичиг үсэг, соёл зан заншил хэрэг­лэхийг хатуу хориглон, Монголын түүх, соёлын ном бичгийг шатааж устгасан юм. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Өвөр Монголыг зургаан хэсэгт хуваан Хятад мужид тарааж, малчин айл өрх бүрт 1-2 хятад хүүхдийг хүчээр үрчлүүлж байсан нь түүхийн хуудаснаа дурайн үлджээ. Түүх өгүүлэхэд ийм байна. Харин өнөөдөр ӨМӨЗО дахь хүн амын бүтэц ихээхэн алдагдсаныг тоо баримтаас харж болно. 1960-аад онд Өвөр Монголд хань үндэстний эзлэх жин 40 хувь байсан бол одоо 80 хувьд хүрээд байна. Тус ӨЗО-ны Шилийн гол аймаг л харьцангуй Монгол ахуй, хэл соёл, зан заншлаа хадгалан үлджээ. Гэвч сүүлийн арваад жилд малын бэлчээр хомсдож, байгаль орчин сүйдэж, монгол хүн амьдрах боломж хумигдсаар байна.

1990 оны сүүл үеэс ӨМӨЗО-д ашигт малт­мал, уул уурхайн салбар эрчимтэй хөгжин, төмөр зам тавьж, үйлдвэрүүд олноор баригдсантай хол­боотойгоор хятад иргэдийн тоо улам олширч, байгаль орчин бохирдон цөлжиж, малчид нутаггүй болжээ. ӨМӨЗО-ны Засгийн газраас явуулсан “хотжуу­лах”, “экологийн цагаа­чид” бодлогын хү­рээнд монгол сум, хошууны хэ­дэн зуун хүүх­дийг сур­гуулиас гаргаж мал мал­луулахыг хөхиүлэн дэмж­сэн арга хэмжээг хэрэг­жүүлс­нээс хоёр хүний нэг нь малчин, хүн амын 40 хувь нь бичиг үсэггүй бо­лох аюул нүүрлээд байна. Өнгөрсөн онд Ерөнхий сайд Вэнь Зябао “ӨМӨЗО-ны нийгэм, эдийн засгийг 2015 он хүртэл хурдацтай хөгжүү­лэх” тухай стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. Шийдвэрийн дагуу ӨМӨЗО-ны Засгийн газар бэлчээрийн бодлогоо чангатгаж түвд, казах, монгол зэрэг үндэстний цөөнхийн газар нутагт байгаль орчны тогтвортой хөгжил, бэлчээрийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2015 он хүртэл малчдыг зэргэлдээх му­жууд руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Хятадад өнгөрсөн онд усан цахилгаан станц ба­рих, түүний далан, хол­богдох дэд бүтэц байгуулах болон томоохон голуудад гүүр барих ажлын хүрээнд 10 гаруй сая иргэнийг албадан нүүлгэсэн юм. Энэ мэтчилэн цөөнх үндэстнийг ялгаврлан гадуурхаж нутаг орноос нь хөөсөн балмад бодлогыг эсэргүүцсэн өвөр монголчууд тэмцэж байна. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны нутагт нүүрсний компаний хятад жолооч нутгийн малчин Мэргэнийг дайрч алсан хэрэг явдлаас үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн нь илүү идэвхжээд байгаа юм. Гэвч 2008-2011 онд Түвд, Шинжаан-Уйгар, Өвөр Монголд болсон үйл явдлууд цөөнх үндэстний асуудлыг шийдвэрлэх нь тийм ч хялбар бишийг харууллаа. ӨМӨЗО болон ШУӨЗО БНХАУ-ын нүүрс, алт, зэс, ховор эле­ментийн хамгийн том үйлд­­­вэрлэгч бүс нутаг болж стратегийн ач холбогдол нь нэмэгдсээр байна.

Үүнтэй холбог­дуулан Хятад улс газар, байгалийн нөөцөө хэмнэх, ашиглахын тулд уйгар, өвөр монголчуудыг төрөлх газар нутгаас нь хөөж, албан хүчээр өөр бүс нутагт нүүлгэн шилжүүлж байгаа нь үндэстэн хоорондын зөрчил, тэмцэл үүсэх нэг шалтгаан болж байна.

Монгол Улсын аюул­гүй байдлын нэг чухал баталгаа бол хөрш хоёр их гүрэнтэйгээ сайн хөршийн харилцаатай байх явдал билээ. Гэхдээ энэ нь бие даасан тусгаар улсын хувьд зарим нэг асуудалд өөрийн гэсэн бодолтой байхыг сануулж байна. Цус нэгтэй өвөр монголчууд, уйгар ах дүү нар маань БНХАУ-д ор­шин сууж байна. Тиймээс тус ӨЗО-нд хүний эрхийг зөрчиж байвал бид ч өмгөөлөн хамгаалах учиртай бус уу. Далай лам Монголд айлчлах асуудал ч Монгол-Хятадын улс төрийн харилцаанд ноцтой асуудал үүсгэх ёсгүй юм. XY зууны үед бурхны шашны тэргүүн IY Далай лам нь монгол хүн байжээ.

Тэгвэл XY Далай ламын хойд дүрийг Монголд тодроосой гэсэн хүсэлтэй сүсэгтэн олон бий. Эл асуудлыг Монголын төр албан ёсоор хуульчлаагүй боловч бурхны шашныг төрийн шашны хэмжээнд авч үздэг, Монголын ард түмэн бурхны шашныг шүтсээр ирсэн уламж­лалаа бодвол Далай ламыг Монголд урьж байх нь цэвэр бурхан шашны  асуудал, мөн хүний эрх билээ.

Д.БОЛОРМАА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих