Оросын сонгууль олны таамгаас зөрсөнгүй

Дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүний албанаас түр хөндийрч, ерөнхий сайдаар ажилласан Владимир Путин ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд итгэлтэйгээр ялж хуучин албандаа буцаж ирэх нь нэгэнт тодорхой болжээ.
Даваа гарагт Москвагийн цагаар 10 цагт Оросын Сонгуулийн Төв комиссын /СТК/ дарга Виталий Чуровын хийсэн мэдэгдэлд дурдсанаар “нийт саналын хуудасны 99.3 хувийг тоолоход нэр дэвшигч Путин 63.75 хувийн санал авч 44 сая гаруй сонгогчдын дэмжлэг хүлээн сонгуулийн нэгдүгээр шатанд ялснаар” хоёрдахь шатыг явуулах шаардлагагүй болжээ. Оросын коммунистуудын удирдагч Геннадий Зюганов 17.19 хувь, бие даагч Михаил Прохоров 7.82 хувь, Либерал-Ардчилсан намын дарга Владимир Жириновский 6.23 хувь, “Шударга Орос улс” намын тэргүүн Сергей Миронов 3.85 хувийн санал тус тус авсан байна. Сонгуулийн ирц 65.3 хувьтай байсан нь өнгөрсөн онд болсон Думын сонгуулийнхаас 5 хувиар илүү үзүүлэлт юм.
Сонгуулийн өмнөхөн Путин хоёрдахь үе шатанд өрсөлдөхөд бэлэн байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “гэхдээ энэ нь улс оронд тогтворгүй байдал бий болгоно” гэдгийг анхааруулж байсан юм.
Хамгийн сонирхолтой нь, байнга хэл ам таталдаг Чечень болон Дагестанд Путин 90-ээс дээш хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан явдал.
Ер нь бол Оросын олон нийтийн санаа бодлыг танддаг байгууллагуудын хийсэн судалгааны дүн нэлээд ханатай гардаг нь дахин нотлогдлоо гэж хэлж болно. Тухайлбал, “Левада-центр” компанийн хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээр Путин 62-66 хувийн санал авч сонгуулийн хоёрдахь шатанд өрсөлдөх “аюулаас” зайлсхийж чадна гэдэг нь тодорхой болсон байжээ.
Харин Олон нийтийн санаа бодлыг судлах Бүх Оросын төвийн /ВЦИОМ/ гаргасан таамаг Левадагаас арай “даруухан”, өөрөөр хэлбэл Путин 59.9 хувийн дэмжлэг хүлээнэ гэдгийг дурдсан байна. Харин түүний хамгийн ойрын өрсөлдөгч болох Зюгановыг 15.1 хувийн санал авна гэж таамаглажээ. Бусад гурвын хувьд энэ үзүүлэлт нэг оронтой тоон дотор эргэлдэнэ гэсэн нь батлагдав.
Харин улс төр судлалын үүднээс дүгнэвэл, Прохоровын авсан саналын тоо нь дуулиан тарьж болохуйц үзүүлэлт юм. Тэрбээр “гурваар давхиж”, мөнхийн энэ байрыг эзэлдэг Жириновскийг гүйцэж, тэр ч байтугай Москвад 20.21 хувийн, Санкт-Петербургт 14 хувийн санал авсан зэргийг тооцож үзвээс энэ нь гарцаагүй том амжилт гэдгийг Оросын шинжээчид онцолж байна.
Путин ялалтаа тунхагласны дараахан түүнийг дэмжигч 100 гаруй мянган хүн Москва хотын Манежийн талбайд цугларч түүнд баяр хүргэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлэхдээ “манай улс орныг орчин үеийн, хүчирхэг, тусгаар байлгахад энэ ялалт чухал хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Харин Путин өөр хэлэхдээ “бидэнд хэн ч юуг ч тулган хүлээлгэж чадахгүй гэдгийг харууллаа, манай хүмүүс шинэчлэлд тэмүүлэх эрмэлзлэлийг Оросын төрт ёсыг бусниулж, засгийн эрхийг булаан авах гэсэн улс төрийн өдөөн хатгалгаас ялгаж салгаж чаддаг гэдгийг харууллаа” гэж онцлон дурдлаа.
Тэрбээр өөрийгөө нээлттэй, шударга өрсөлдөөнд яллаа гэж үзэж байгаа юм. Ингэж хэлэх үндэслэл ч бий гэнэ. Ганц жишээ татахад, Думын сонгуулийн дараа хэл ам ихээр гарч, сөрөг хүчнийхэн жагсаал цуглаан хийхдээ хүрсэн учраас Путин өнгөрсөн оны сүүлчээр ард иргэдтэйгээ шууд ярилцах үеэрээ, СТК-т хандан нийт 95 мянга гаруй санал авах байрыг веб-камераар тоноглож, сонгуулийн үйл явцыг интернэтээр дамжуулах хүсэлт гаргаж байв. Ингээд гуравхан сарын дотор 25 тэрбум рубль зарцуулан 90 гаруй мянган камер суурилуулжээ.
Санал хураалтын дараа зөвхөн коммунистуудын удирдагч Зюганов “сонгууль шударга бус” болсон талаар үг хаясан бол нөгөө гурав нь Путинд баяр хүргэлээ.
Одоо гадны ажиглагчид юу гэж дүгнэж байгааг сонирхоё. Сербийн ажиглагч Наташа Радулович Москва дахь Олон улсын мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ ямар нэгэн зөрчил илрээгүйг дурдаад уг сонгуулийг бусад орнуудын хувьд үлгэр жишээ болж болох юм гэж сайшаав.
Харин сөрөг хүчнийхэн болохоор санал хураалт болсон өдөр хэдэн мянган зөрчил илэрсэн гэж үзэж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд бие даасан ажиглагчид нь ерөнхий үнэлэлт дүгнэлт гаргахаар болсон гэнэ.
Тодорхой жишээ дурдвал, “Сонгогчдын Лиг” болон “Яблоко” намын ажиглагчид гэхэд бараг 3 мянга орчим зөрчил илрүүлсэн аж. Хамгийн түгээмэл зөрчил бол янз бүрийн хэсгүүдэд хэд хэдэн удаа санал өгүүлэх зорилгоор хэсэг хүмүүсийг зохион байгуулалтайгаар зөөдөг явдал.
Яблоко намын дарга Сергей Митрохины ярьснаар бол “луйврын машин 12 дугаар сарын 4-ний Думын сонгуулийн үеэр ажилласан шигээ ажилласан” гэнэ.
Тэгвэл “Сонгогчдын Лиг”-ийн зохицуулагч А.Дёмин арай болгоомжлонгүй байр суурьтай байгаа бөгөөд “сонгууль цэх шударга болж өнгөрсөн гэдэгт бүрэн итгэлтэй биш байна” гэж зөөлөн өнгө аясаар ярив. Түүний байгууллага зөрчлийн талаарх дүгнэлтээ 7-ний өдөр танилцуулахаар болжээ.
Харин Путины сонгуулийн штабын дарга, кино найруулагч Станислав Говорухин зөрчил гарсан талаарх яриа хөөрөөг “инээдтэй хэрэг” гэж нэрлээд “одоо гуравдугаар байранд хэн орох вэ” гэдэг өрсөлдөөн явагдаж байна гэжээ. Энэ удаагийн сонгуулийг тэрбээр “Орос орны түүхэн дэхь хамгийн шударга сонгууль” гэж дүгнэлээ .
Барууны шинжээчдийн хувьд, Оросын сонгуулийн явцад дуулиан шуугиан тарихаар зүйл болсонгүй гэж үзэж байна. “Орос дахь цөөнхийнхний сурталчилдаг барууны ардчиллын оронд оросууд “авторитар тогтвортой байдлыг” сонгожээ.
В.Путин ялсныхаа дараа сөрөг хүчнийхнийг урьж, шинэ хуулийн төслүүд дээр хамтран ажиллахыг санал болгох байх. Хэдийгээр тэрбээр барууныхны эсрэг үг яриа гаргадаг ч ойрын 6 жилийн хугацаанд дэлхийн хамтын нийгэмлэг, Орос хоёрыг юун түрүүнд эдийн засгийн талаар ойртуулахыг оролдоно” гэсэн дүгнэлтийг тэд хийж байна.
Канадын Альбертын Их сургуулийн профессор Дэвид Марплз: “Оросуудын дийлэнх нь Путиныг тогтвортой байдлын баталгаа гэж харж байгаа. Европын Холбооны орнуудад дэгдсэн эдийн засгийн эмх замбараагүй байдал, АНУ-д санхүүгийн хүндрэл үүсээд өнөө үед үүнд гайхах явдал үгүй, нөгөөтэйгүүр Орост ардчилсан өөрчлөлт гарах болов уу гэсэн АНУ-ын найдлага ойрын 6 жилийн хугацаанд биелэхгүй л болов уу”.
Ж.Вашингтоны нэрэмжит Их сургуулийн Орос, Евраз судлалын хүрээлэнгийн захирал Хенри Хейл дорх дүгнэлтийг хийж байна. “Путины ашиг сонирхол хийгээд гаргаж буй улс төрийн шийдвэрүүд нь Оросыг дэлхийн эдийн засгийн интеграцид хамруулахад чиглэсэн тул “хүйтэн дайн” дахин дэгдэх вий гэдгээс болгоомжлох хэрэггүй, харин ч эсрэгээр, америк-оросын харилцааг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогодоо эргэн орох үйл явц хэдэн жилээр наашилна гэж би үзэж байна” гэж тэрбээр ярьжээ.
Энэ мэтээр шинжээчдийн дүгнэлт цаашид хөврөх тул тэдгээрээс тоймлон толилуулж байх болно.
Б.Адъяахүү

СОНГУУЛЬ БУДЛИАНГҮЙ БОЛСНЫГ АЖИГЛАГЧИД НОТЛОВ
МОСКВА./ИТАР-ТАСС/. “ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль нь ардчилсан зарчимд нийцэхүйц нээлттэй өрсөлдөөн, ил тод байдалд болж өнгөрлөө” гэж Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын /ТУХН/ ажиглагчид үзэж байна. Энэ тухай Оросын Сонгуулийн Төв комиссын Олон улсын мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурал дээр ажиглагчдын бүлгийн ахлагч, ТУХН-ын Гүйцэтгэх хорооны дэд дарга Наурыз Айдаров мэдэгдлээ.
Ажиглагчдын бүлгийн бүрэлдэхүүнд ТУХН-ын гишүүн бүх орноос хүрэлцэн ирсэн 282 хүн багтжээ. Тэд ТУХН-ын парламент хоорондын Ассамблей, Орос болон Беларусийн Парламентын хурал, ТУХН-ын Гүйцэтгэх хороог тус тус төлөөлж байгаа юм. “Бидний очсон 1500 сонгуулийн хэсэгт санал хураалтын дүнд эргэлзэхэд хүргэхүйц ямар нэгэн баримт нотолгоо илрээгүй” гэж ажиглагчдын бүлгийн ахлагч ярьсан байна.
Гэхдээ сонгуулийн сурталчилгааны явцад зарим нэгэн зөрчил гарч байсан гэдгийг Айдаров дурджээ.
Б.Адъяахүү


URL:

Сэтгэгдэл бичих