МАРГААН: Алиалагч нь доромжлол уу, шүүмжлэл үү
ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийн сошиал орчинд бичсэн жиргээ өнөөдөр багагүй шуугиан дэгдээв. Тэрээр энэхүү жиргээг төрийн албан хаагчийн хувиар бус, иргэн хүний хувьд шүүмжилж бичсэн гэж тайлбарласан. Харин хошин урлагийнханд нэлээд хүндээр тусч, доромжилсон гэж маргав.
Жиргээ нь: ”Хошин шогийн хэдэн “хүний эрхийг зөрчигч” алиалагч нар ч бас хувь нэмэр оруулсан даа. Хүн доромжилдгоо урлаг гээд ойлгосон гамшгууд. Хүн доромжилсны төлөө төрөөс ч элдэв шагнал, гавьяатын тэмдэг зүүж өгдгөө одоо болимоор юм. Компаниуд зар сурталчилгаа, улс төрийн намууд сонгуульд хүн доромжлогч нараар нүүр царай хийж оодруулдгаа болих хэрэгтэй” гэжээ.
Энэхүү жиргээг хошин урлагийн жүжигчин Н.Онон, Н.Ариунболд /Бооёо/ нар эсэргүүцэж ХЗДХЯ-ны гадна ирэв. Тэд ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг гарч ирж, уучлалт гуйхыг шаардсан юм. Хэсэг хугацааны дараа Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг гарч ирж тэдэнтэй уулзав.
Эл явдлын мэдээллийг харилцан яриа хэлбэрээр нь хүргэе.
-Н.Онон: Та яагаад бид нарыг ажил мэргэжлээр нь доромжлоод байгаа юм?
-П.Сайнзориг: Доромжлоогүй ээ. Та өөр дээрээ тусгаад авчихжээ.
-Н.Онон: Танд тийм эрх хэн өгсөн юм. Танай яам чинь өгсөн үү. Төр чинь өгсөн юм уу?
-П.Сайнзориг: Энэ бол төртэй, ХЗДХЯ-тай хамааралтай биш гэдгийг танд хэлье.
-Н.Онон: Хамаатай ш дээ. Та ТНБД хүн.
-П.Сайнзориг: Би иргэн П.Сайнзориг байна.
-Н.Онон: Үгүй ээ, та бол ТНБД. Танай төр чинь хошиг урлагийнхныг доромжлоод ир гэсэн гэж би ойлголоо. Зөв үү?
-П.Сайнзориг: Та мушгин гуйвуулж болохгүй ээ.
-Н.Онон: Та иргэн П.Сайнзориг байсан бол би ойлгоно. Та ТНБД байхгүй юу. Монгол төр биднийг доромжлоод ир гэж ТНБД-аа явуулсан гэж ойлгож байна.
-П.Сайнзориг: Та бүхэн намайг хашиж байгаа албан тушаалтай холбогдуулж хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг боож болохгүй. Би төр төлөөлдөг хүн биш.
-Н.Онон: Бид нар гавьяа шагнал гуйгаагүй. Тэр асуудлаа үе үеийн Ерөнхийлөгч нарынхаа хаалгыг нь балбаж ороод ярь.
П.Сайнзориг
-П.Сайнзориг: Хүн хүний харилцааны асуудал учраас зөв ойлгуулъя. Буруу сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай гэж хэлье. Гэхдээ энэ асуудлыг илүү өмнө нь гаргаж ирээгүй нь бидний алдаа. Нийгэм хэвийн бус зүйлийг хэвийн мэт ойлгодог хандлага түгсэн. Н.Онон гавьяат “Үүнийгээ засаж залруулах хэрэгтэй” гэдгээ хэлж байна. Энэ өнцгөөсөө та бүхнийг хүлээж аваасай гэж бодож байна. Өвөр Монгол бүсгүй Монголд аялгаасаа санаа зовоод ярихгүй байх, сурагчид бусдаасаа ялгаатай байдлаараа гадуурхагдах зэрэг хөндүүр сэдвийг тодорхой хүрээнд гаргаж ирэх нь урлагийнхны үүрэг байж болно. Гэхдээ аливаа зүйл хэрээс хэтрэхээрээ хууль, ёс зүйгээс давсан үйлдлүүдийг энгийн мэт хардаг. Цаашид хүмүүсийн харилцаанд ялгаварлан гадуурхах нөлөөтэй гэж шүүмжлэлээрээ хэлсэн юм. Үүнд жүжигчид эмзэглэн хүлээж авч байна. Би тэдгээр хүмүүсийг буруутаж байгаа бус хийж буй зүйлийнх нь тунгийн талаар хөндсөн.
-Н.Онон: Та албан ёсоор уучлалт гуй.
-П.Сайнзориг: Би сая гуйчихлаа. Та бас ард түмнээсээ гуй.
-Н.Ариунболд: Хүүхэд байхаас л хөгшид буурлуудын үзэж байсан Данзан, Содном, Батсүх гуай гээд маш олон алиалагч нар байсан. Энэ үгийг доромж үг болгож байгаад эмзэглэж байна. Ийм хариуцлагатай хүмүүс энэ үгийг доромж үг болгож бусад руу шиднэ гэдэг тэр хүмүүсийн ажил мэргэжлийг цаагуураа доромжилж байна.
-П.Сайнзориг: Тэгж мушгин гуйвуулж болохгүй. Үндсэн хуулиар та бүхэнд давуу эрх олгоогүй.
-Н.Онон: Та бид нарт гомдол гаргачих. Бид бас танд гомдол гаргая.
-П.Сайнзориг: Үгүй ээ. Би та нарт гомдол гаргаад явах хүн биш. Миний шүүмжийг ойлгоорой гэж хүсэж байна. Урлаг гэдэг нийгэмд ямар үүрэгтэй, ямар функцтэй вэ гэдгээ та бүхэн бодож үзээсэй гэдэг үүднээс энэ сэдвийг хөндсөн юм. Бид бүгдийг ямар ч шүүлтүүргүйгээр үзэж байгаа хүүхдүүд энэ зүйлийг хэвийн мэт ойлгож байгаа. Гэтэл үзэн ядах нь гэмт хэрэг. Хэл хазгай байх нь хавтгай болчихсон. Үүнийг зогсоох хэрэгтэй.
-Н.Ариунболд: Та ер нь ямар жүжиг, ямар тоглолт үзсэн юм. Бидний хөгжил дэвшлийг та аль өнцгөөс нь харсан бэ?
-Сэтгүүлч: Үндсэн хуульд хэнд ч давуу эрх олгоогүй. Бусад хүмүүсийн эрх зөрчигдөөд байна. Үүнд анхаарах ёстой гэж та хэлээд байна. Гэхдээ та өөрийнхөө постоор уран бүтээлчдийг алиа салбадай гэж хэлж байгаа нь тэднийг…
-П.Сайнзориг: Та яагаад үг нэмж зохиогоод байгаа юм. Хэдүүлээ бодитой юмыг бодитойгоор нь байлгая. Та юуг алиа салбадай гэж байгаа вэ, би алиалагч гэж бичсэн. Алиалагч гэдэг үг доромж болсон гэж харахгүй байна. Бие биенийгээ ойлгохгүй байхад чиглэсэн контент үйлдвэрлэж байгааг зогсоох хэрэгтэй.
-Н.Ариунболд: Та хэзээ контент үзсэн юм. Цар тахлын үед гурван жил бидний ажил зогслоо. Одоо уран бүтээлчид кино хийж байна. Ерөнхий хүмүүсийн яриагаар, сошиалаар та ажил хийхгүй ээ.
-П.Сайнзориг: Тэнд нэг ч хүний нэр дурдаагүй, шүүмж байгаа. Та бүхний уран бүтээлээр доромжлуулсан нийгэмд танигдсан хүмүүс бий. Жишээлбэл, талийгаач Арго багшаас эхэлнэ. Энэ зэрэг олон асуудал байгаа. Та бүхний уран бүтээл хэвийн хэмжээнд байгаагүйгээс болж нийгэм үүнийг хэвийн мэт ойлгодог болсон байна. Та бүхэн үүнийг хувь хүн дээрээ тусгаж авах хэрэггүй. Одоо хэдүүлээ талцаж хуваагдаад хэрэггүй. Гэхдээ урлагийн шүүмжийг уран бүтээлчид ойлгоосой.
-Н.Онон: Та төр төлөөлж байгаа хүн үгээ бодож байгаарай гэж хэлье.
http://itoim.mn/article/x8pvm/35271
URL: