Юуны учир АНУ ОПЕК+ шийдвэрт дургүйцэв?
Газрын тос экспортлогч орнуудын “ОПЕК+” байгууллага ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн газрын тосны олборлолтоо хоногт хоёр сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан билээ. Кремль энэхүү шийдвэрийг “эрүүл ухааны ялалт” хэмээн тодорхойлсон бол Цагаан ордон тус байгууллагын бодлогод туйлын дургүйцэж байгаа. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен эл шийдвэрийг “үр дүнгүй, ухамсаргүй” хэмээн тодорхойлсон бол Цагаан ордны тэргүүн Жо Байден урам нь хугарсан тухай мэдэгдэж байв. “ОПЕК+” байгууллага ийм шийдвэр гаргасны дараа Вашингтон Саудын Араб болон Ойрх Дорнодын эрчим хүчний эх үүсвэр экспортлогч хэд хэдэн оронд хариу барихаа мэдэгдсэн.
Харин шинжээчдийн таамаглаж буйгаар, Саудын Арабтай сөргөлдөх нь АНУ-ын хувьд эдийн засаг болон улс төрийн хүнд үр дагавартай. Үүнтэй зэрэгцэн Кремлийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ОПЕК+” гишүүн орнуудын төлөвлөгөөт ажил нь зах зээлд хар алт цутгах замаар газрын тосны нөөцөөрөө нөлөөлөхийг хичээдэг АНУ-ын бодлогыг сөрөхөд чиглэсэн хэмээн онцлов. Тус байгууллагын энэ шийдвэр нь нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд тэнцвэржүүлнэ гэж тэрбээр мэдэгдсэн.
Хариу арга хэмжээ
“ОПЕК+” байгууллага Вена хотноо аравдугаар сарын 5-нд болсон сайд нарын түвшний уулзалтаар ирэх сарын 1-ээс эхлэн газрын тосны олборлолтын хэмжээг хоногт хоёр сая баррелиар буруулах шийдвэр гаргасан билээ. Квотын асуудал хэлэлцэх дараагийн уулзалт арванхоёрдугаар сарын 4-нд болно.
АНУ-ын эрх баригчид энэ мэдээллийг сөргөөр хүлээж авсан. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден аравдугаар сарын 6-нд АНУ эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх өөр боломжийг эрэлхийлнэ хэмээн мэдэгдсэн. Байдены засаг захиргаа “ОПЕК+” нь ийм замаар Оросыг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж үзэж байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жан-Пьер Карин “ОПЕК+” гишүүн орнууд өөрсдийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн байхыг ч мөн үгүйсгээгүй. Ийм тохиолдолд тэд алдаа гаргасан хэмээн Карин онцолсон. АНУ газрын тосны олборлолтыг бууруулах шийдвэрийн гол хариуцлагыг Саудын Араб болон Ойрх Дорнодын газрын тос экспортлогч орнуудад тохож байна. Тиймээс Вашингтон тэдэнд хариу барина гэж мэдэгдсэн.
“The Washington Times” сонинд мэдээлснээр, АНУ Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмирт Улсаас цэрэг болон “Patriot”, “THAAD” зэрэг пуужингаас эсэргүүцэн хамгаалах системээ гаргах асуудал яригдаж байна. АНУ-ын хууль тогтоогчид Эр-Рияд болон Абу Даби АНУ-ын эсрэг дайсагнасан үйлдэл хийж, Украины асуудал дээр Оросын талыг сонгосноо тодорхой илэрхийлсэн хэмээн үзэж байна. Блүмберг агентлаг “ОПЕК+”-ийн шийдвэр нь Саудын Араб газрын тосны олборлолтын түвшнийг хадгалах тухай АНУ-аас тавьсан хүсэлтийг үгүйсгэснийг баталж байна хэмээн онцолжээ. Өнгөрсөн долоодугаар сард Жо Байден Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман аль Саудтай уулзсан ч Эр-Риядын АНУ-ын талаарх баримталж буй улс төрийн чиглэлийг өөрчилж чадаагүй харуулж байна хэмээн Блүмберг агентлаг онцолжээ. Цагаан ордны тэргүүний айлчлалаас өмнө Саудын Арабын эрх баригчид Вашингтонд харилцааны өнгө аяс үндсээрээ өөрчлөгдсөн болохыг ойлгуулсан. Эр Рияд улс төрийн хувьд Вашингтоны зүгээс үзүүлж байсан дарамт, шахалтаас залхсан хэмээн тус агентлагийн эх сурвалж тайлбарлаж байна. Үүний сацуу Йемений хуситуудын эсрэг тэмцэлд АНУ-ын дэмжлэг сул байсантай холбоотой.
Нөлөөллөө алдав
АНУ-ын томоохон хэвлэлүүд Байдены засаг захиргаа “ОПЕК+”-ийн бодлогоос болж хүндхэн байдалд орсон тухай бичиж байна. Тухайлбал, “The New York Times” дэлхийн зах зээл дээрх нөхцөл байдлыг Иран, Венесуэлийн эсрэг тавьсан хоригийг сулруулах замаар сайжруулах боломжтой гэж үзэж байна. Гэтэл Ирантай хийх цөмийн гэрээг сэргээх яриа хэлэлцээ мухардалд орж, Венесуэлтэй тохиролцоонд хүрэх найдвар бүрхэг хэвээр байна гэж тус сонин онцолжээ. Үүн дээр АНУ-ын газрын тосны стратегийн нөөц сүүлийн 40 жилд байгаагүй доод хэмжээнд хүрээд байна.
ОХУ-ын шинжээчид өнөөгийн нөхцөлд эрчим хүчний эх үүсвэрийн хомстол АНУ-д туйлын ашиггүй. “ОПЕК+”-ийн шийдвэр нь газрын тос, бензин, дизель түлш зэргийн үнэ өснө гэсэн үг. Харин Цагаан ордон ийм хувилбараас зайлсхийхийг арга ядан хичээж байна. Энэ нь инфляц, цахилгаан, бензиний үнэ өссөнтэй холбоотой. Эрчим хүчний эх үүсвэрийн хомстол Оросын газрын тосны экспортод өрнөдийн тавьсан хязгаарлалт, Оросын хар алтанд үнийн тааз тогтоох эрмэлзэл, Вашингтоны “ОПЕК” гишүүн орнуудтай харилцан хүндэтгэлтэй харилцааг дэмжих чадваргүй байдлаас үүдэлтэй гэж гэж шинжээчид үзэж байна. Вашингтон үнийн тааз зэрэг зах зээлийн бус механизмын аргаар газрын тосны үнэд бүдүүлгээр нөлөөлөхийг эрмэлзэж байгаа нь газрын тос экспортлогчдод таалагдахгүй байна. Үүнээс залхсан Саудын Араб өдгөө ШХАБ-д нэгдэх хаалгаа нээгээд байна. Тус улс АНУ-ын зэвсэглэл худалдан авахаас татгалзаж, эрчим хүчний нийлүүлэлтээ буруулж болзошгүй. Өөрөөр хэлбэл Саудын Арабтай сөргөлдсөнөөр АНУ асар их хэмжээний алдагдал хүлээх болно. АНУ “ОПЕК+” ашиг сонирхлыг нь үл ойшоосон болон Эр Риядад нөлөөлөх боломжоо алдсантай эвлэрэхийг хүсэхгүй. Гэхдээ Байдены засаг захиргаа Саудын Арабын эсрэг хатуу арга хэмжээ авч чадахгүй. Учир нь Вашингтонд зэвсгийн томоохон гэрээгээ цуцлах, Конгрессын завсрын сонгуулийн өмнө газрын тосны үнийн хөөргөдөл үүсэхийг хүсэхгүй нь лавтай.
https://news.zindaa.mn/4d3y
URL: