Швед “Умардын урсгал”-тай холбоотой шалгалтад Оросыг оролцуулахгүй

nord-stream-pipe-leak-comp-2Швед “Умардын урсгал” хийн хоолойн дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаанд Оросын талыг оролцуулахгүйгээс гадна үр дүнг нь ОХУ-ын эрх баригчид болон “Газпром” компанид танилцуулахгүй гэж Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон мэдэгджээ.

Оросоос Европ руу тавигдсан “Умардын урсгал 1”, “Умардын урсгал 2” хийн хоолой дэлбэрсэн газар Шведийн эдийн засгийн онцгой бүсэд хамаарах ч олон улсын усан хилд ордог тул олон улсын усан хөлгүүдийг оруулж байгаа гэж Андерссон мэдээлжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин Шведийн Засгийн газарт хандан хийн хоолойтой холбоотой хорлон сүйтгэх ажиллагааг мөрдөн шалгах ажилд оролцох хүсэлт тавьсан юм.

“Умардын урсгал 1”, “Умардын урсгал 2” хийн хоолойн дөрвөн газраас хий алдагдаж байгааг есдүгээр сарын 26-нд илрүүлсэн билээ. Герман, Дани, Шведийн эрх баригчид хорлон сүйтгэх ажиллагаа явагдсаныг үгүйсгээгүй байна.

https://news.zindaa.mn/4d3n


URL: