Койн гаргаж, хөрөнгө төвлөрүүлсэн 9 этгээдийг шалгаж байна

237495-21032019-1553149391-1848499646-Eguuriin_tsagdaagiin_alba1-122208-2941507911Хэвлэл мэдээллийн хэрэгслээр О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, IHC койн гаргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэх мэдээлэл гарсан.

Шалгалтын ажиллагааны талаар цагдаагийн байгууллагаас “Монгол Улсын Засгийн газраас “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталж, энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна. Мөн “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон.

Шинээр батлагдсан “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулиар салбарын зохицуулагч байгууллагыг Санхүүгийн зохицуулах хороогоор тодотгосон бөгөөд хорооноос энэ оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс есдүгээр сарын 26-ны өдрийн хооронд бүртгэлийн ажиллагаа явуулж “Айдакс” ХХК, “Койнхаб” ХХК, “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК нар бүртгэлд хамрагдсан бол өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 9 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Санхүүгийн зохицуулах хороо, Татварын ерөнхий газартай хамтран “Виртуал хөрөнгө гаргагч болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын татвар төлөлттэй холбоотой болон залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй эсэхэд” шалгах ажиллагааг явуулж байна.

​Виртуал хөрөнгө буюу койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй болно” гэсэн мэдээлэл өглөө.


URL: