Монголын нийгэм өвчилжээ
Нийгмийг “иргэний нийгэм” нь бүтээдэг, авч явдаг
Нийгмийг сүүгээр бойжигч нэгэн хөхтөн амьтан гэвэл түүний араг яс нь, булчин мах нь “Иргэний нийгэм” юм. Энэ амьтны үзэл санаа нь, хүсэл эрмэлзэл нь хэд ч дахин, ямраар ч өөрчлөгдөж болно. Аль ямар ч үзэл онол (-изм) түүнийг тухай тухайн үед эзэмдэж, хөтөлж байсан ч уул нийгмийн араг яс, ноён нуруу нь нөгөө л “Иргэний нийгэм” хэвээрээ байдаг. Жишээ нь монгол угсаатныг нийтийн тооллоос өмнө (одоогоос 3 мянга орчим жилийн өмнө) Шанью нар удирдаж байв. Тэр цагт, Хүннү улсын үед монгол угсааны нүүдэлчин ард иргэд л нийгмийн гол, зонхилох хүч, иргэний нийгэм нь болж, аль ч Шанью нарыг тулж, түшиж байжээ. Хожуу Чингис хаан, Монголын эзэнт гүрний үед ч малчин нүүдэлчин монголчууд л (тал хээрийн малчид, ойн иргэд буюу ойрдууд) иргэний нийгмийн цөм нь болж, их хааны бодлогыг хэрэгжүүлж байв. ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэмд гарсан бүхий л өөрчлөлтийн гол хөдлөх хүч нь хувийн жижиг аж ахуйтнууд болох малчин ардууд, хүрээ хийдийн борчууд байжээ.
Төр, засаг ямраар ч өөрчлөгдсөн гэсэн Монгол улсыг ард иргэд нь ийнхүү бүрдүүлж, бүтээж, авч явжээ. Байдал ийм болохоор л нийгмийн шинжлэх ухаан, нийгмийн философид “Иргэний нийгэм” гэх нэр томъёо, ойлголт буй болжээ. Энэ нэр томъёоны цаана орчин үед ямар утга санаа оршиж байна вэ?
Өнгөрсөн үеийн болон өнөөгийн гайгүйхэн шиг сэтгэгчдийн үзэл санааг тоймлон, нэгтгэн, дүгнэх аваас “Иргэний нийгмийн гишүүн, субъект бол хувийн өмчтэй, ардчилсан үзэл санаа бүхий, чөлөөт иргэн юм.” Өнөөдрийн Монголын нийгмийн нөхцөлтэй уялдуулан хэлэх юм бол манай иргэний нийгмийн гишүүд, иргэний нийгмийг бүрдүүлэгчид бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид гэсэн үг. Иймэрдүү иргэд хүн амын 70-80 хувь орчим байх аваас нийгмийн амьдрал тогтвортой, ард түмний амьдралын түвшин жилээс жилд дээшилж байх жамтай ажээ. Энэ нь өнөөгийн улстөрчдийн яриад байдаг “нийгмийн дундаж давхраа”-ны ойлголттой адилавтар байна. ЖДҮ-чид ажилтай байвал л нийгэм тогтвортой гэсэн үг.
Хүн болж мэндэлснээр нь үүдсэн төрмөл эрхүүд, мөн тухайн улсын иргэн болох хувьд хуулиар олгогдсон эрхүүдийг эдэлж, аюулгүй, эрүүл, боломжийн гэхээр түвшинд хангалуун аж төрөхийг л ард иргэд хүсэж байдаг. Харин улстөрчид гэгдэх хүмүүс, шашныхан элдэв -изм, элдэв ид шидэд толгойгоо мэдүүлээд ард иргэдийг болох болохгүй, бүтэх бүтэхгүй зүг, зам, мөр рүү хөтлөх гэж оролдсоор, ингэхдээ иргэний нийгмээ хохироосоор иржээ. Жишээ нь дэлхийн дайнууд, шашны үндсэн дээрх дайсагнал, зөрчил, расизм, фашизм, милитаризм жирийн иргэдэд хэрэгтэй байсан гэж үү? Огтхон ч үгүй шүү дээ!
Аливаа нийгэм нь бүхэлдээ, гагцхүү Иргэний нийгмийнхээ үзэл санаа, зорилго, эрмэлзэлд л захирагдаж байх ёстой. Иргэний нийгэм нь л төр, засгаа сонгон байгуулж, хянаж, шаардлагатай бол сольж, огцруулж байх ёстой. Төр, засгийн өндөрлөгт гагцхүү зөв хүмүүс л ажиллаж байх учиртай.
Өнөөдрийн Монголын хувьд байдал ямар байна вэ? Манай улстөрчид иргэний нийгмээ хорлож, дарамталж, мөлжиж байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгийг улстөрчид яасан билээ?
Монголын лам нар ч иргэний нийгмээ хууран мэхэлж мөлжиж байна. Энэ хоёр хүч аажимдаа нийгэм дэх мөлжигч давхраа болон хувирах бололтой. Энэ хоёр дээр төрийн бус олон нийтийн байгууллагыг буй болгоод “бид иргэний нийгмийнхэн” гэх нэрээр идэж ууж завшигчид бас гарчээ. Тэдний тоо цөөрөх биш олширсоор байна. 1992 оны Үндсэн хуулийн Оршил хэсэгт Монголчууд бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж байна гэсэн заалт бий. Иргэний ардчилал буюу иргэдийн хүсэл, зоригийг илэрхийлдэг төр, засаг бүхий нийгэм гэсэн үг. Элдэв -измд тархи, толгойгоо мэдүүлж төөрөлдсөн улстөрчид, эсвээс шашны элдэв урсгалд мухар сохроор итгэсэн сүсэгтнүүд улс орноо удирдаж, ард олноо жаргааж байсан тохиолдол түүхэнд байхгүй билээ. Энэнийг дэлхий нийт сайн мэднэ.
Аль ч улс орон, нийгмийн хувьд эзэд нь жирийн иргэд, иргэний нийгэм нь юм. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” жам ёсоор өнөөгийн иргэний нийгэм л ирээдүйгээ мэдэх, бүтээх ёстой. Иргэний нийгмийн тэргүүний хүмүүс, эх орончид, шударга улстөрчид л Монголын төр, засагт сонгогдон орж ажиллах учиртай. Өнөөдөр Монголд юу ховор байна вэ? гэвээс нам шиг нам, ард олноо гэдэг улстөрч, үнэнийг хэлдэг, шаарддаг, зөв хүнд саналаа өгдөг сонгогчид л ховор байна даа…
1990-2021 оны хооронд монголчууд бид бараг л бүгдээрээ олон зүсмийн шударга бишид суралцжээ. Хээл хахууль, авлигыг өгч авч сурчээ. Эрэгтэй, эмэгтэй тун олон залуус популист болж хувирчээ. Бүх намын (35 намын) гишүүдийн олонхи нь дүр эсгэсэн ардчилагчид болцгоожээ. Төрийн алба дээр доор тун олон цэгт мафижиж, төрлийн сүлжээ үүсэж, цус ойртжээ. Товчилж хэлэх, дүгнэх аваас Монголын нийгэм өвчилжээ. Архаг хууч, дээр нь жолоогүй шуналын солиорол, улстөрийн хийрхэл, намчирхал, цол, хэргэм, элдэв гуншинд тачаах эрэндэг, бас хулгай, луйвар, нэмээд залхуурал…
Судлаач, профессор Д.Чулуунжав
URL: