Олон ургальч үзэл гэж дуулсан уу, манайхаан

3-site_J3gFl1n-1024x428Цахим хөгжлийн салбарт монголчууд сүүлд орж ирсэн ч хурдтай урагшилж явна. Твиттер, фэйсбүүк, инстаграм, линкедин гээд цахим флатформуудыг хэрэглээнд нэвтрүүлээд зогсохгүй шинэчлэлүүдэд нь ч цаг алдалгүй нэгддэг болжээ. Тиймдээ ч өнөөдөр цахим сүлжээгүй, гар утасгүй цаг минут болно гэдэг утгагүй зүйл болж хувирсан. Цахим сүлжээний эдгээр талбар дээрээс бид өдөр тутмын буцалсан мэдээллүүдээс шүүлтүүрдэхээс гадна үзэл бодлын давлагаан дунд амьдарч байна. Энэ нь ч зөв юм.

Дэлхийн аль ч улс оронд цахим сүлжээ гэдэг үзэл бодлын төв талбар болж хувирсан. Энэ нь цаашид улам өргөжин тэлсээр байх ёстой. Олон талын үзэл бодол гарах тусам тэр нийгэм асуудлаа бодитоор харж, зөв шийдлийг дэвшүүлж байдаг. Ардчиллын үнэт зүйлүүдийн нэг ерөөсөө энэ юм.

Олон талын байр суурь, үзэл бодлыг бид иргэддээ бүр хуульчлаад өгчихсөн ард түмэн. Бүр тодруулбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-д хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гээд заачихсан.

Гэтэл сүүлийн жилүүдэд иргэний хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний эсрэг мэдээллийн цензур маш их хийгдэх боллоо. Хуулиар олгогдсон эрхээ эдэлж жагсаал цуглаан хийх битгий хэл цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлээд л орой нь цагдаагийн үүд сахиад суухад хүргэж байна. Төр засгийн үйл ажиллагаа хууль зөрчиж, нэг хэсэгт нь давуу эрх олгож байгааг шүүмжлэн жагсаал зохион байгуулсан “Дабль стандарт”-ын залуусыг талбай дээрээс хэд ч ачив даа. Бүр арга ядаад тайван суулт зарлая гээд хүсэлт өгсөн иргэнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нар таван удаа татгалзсан хариу өгсөн тухай нэгэн иргэн саяхан манай сонинд хандан ярина лээ.

Сошиалын “хэргүүд” ч дээрхээс дутахааргүй их ээ. Саяхан л гэхэд намар оройн хүйтэн цагаар сургуулийн сурагчдыг гадна талбайд цэрэгжүүлсэн жагсаал хийж байгааг цахим сүлжээнд нэлээд баалав. Баалахаас ч аргагүй явдал. Ерөөсөө ийм нийгмийн асуудлыг иргэд шүүмжлэн хэлэлц гэж, хэлэлцэхдээ хэн нэгний эрхийг зөрчиж болохгүй гэж хуульчилсан юм шүү дээ. Тэр журмаар нэгэн иргэн хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн бичлэг хийн сошиалд тавьсан даруй Эрүүгийн цагдаагийн албан дээр ир гэж тушаасан байгаа юм.

Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй, эрүүл бус үзэгдэл. Манай цагдаа нар хуучин нийгмээ санагалзсаар байгаагийн илэрхийлэл гэж судлаачид хатуухан хэлдэг нь ч аргагүй юм. Уг нь цагдаа нар хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй хүмүүс.

Гэтэл хамгийн гомдмоор нь үг хэлэх эрх чөлөөг цагдаа нартай цуг иргэд нь давхар цензурддэг болоод ороод ирлээ. Цахим сүлжээнд бичсэн хэн нэгний байр суурь өөр нэгэнд таалагдахгүй бол, эсвэл үзэл бодлоос нь зөрвөл тэр хүн дуусч байна. Хатуухан ч гэсэн өнөөдрийн манай цахим сүлжээний хандлага ийм болсон. Ерөөсөө л монголчууд өөрөөсөө өөр үзэл бодлыг хүлээн зөвшөөрөхөө больсон юм байна. Үнэндээ энэ бол хуучин социалист нийгэмд л байсан үзэл суртал. Тэр үед иргэн биш төр нь цензурддэг байв. Өнөөдөр харин иргэд цагдаатай хамсаад нэгнийгээ балбадаг боллоо. Ардчилал хөгжсөн энэ гучин жилд монголчуудын амьдралд ямар их өөрчлөлтийг авчрав. Тэр дундаас хүн төрөлхтний язгуур эрх болох үг хэлэх, үзэл бодлоо хэнээр ч заалгахгүйгээр илэрхийлэх эрх гэдэг хамгийн том үнэ цэнэ. Энэ үнэ цэнийг ардчилсан монголчууд үеийн үед тордож, хадгалж явах ёстой юм.

Харамсалтай нь бид эсрэгээрээ явж байна. Хэн нэгэн бичигч өөрөөсөө өөр үзэл бодлыг үзэхээ байж. Үүнийгээ цахим сүлжээ ашиглан түгээн дэлгэрүүлнэ. Нөгөөдүүл нь ч уухайлан дэмжиж тухайн хүнийг шившиглэнэ. Энэ нь улс төртэй нягт холбоотой. Дийлэнхдээ эрх баригчдын дургүй хүргэсэн санаа оноо, мөн ардчиллын үзэл баримтлалыг илүүтэй дайрч давшилж байна. Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг юм шүү. Ийм л дүр төрхийг сошиалаас харж болж байна.

Түүгээр зогсохгүй өөрийнх нь таагүй ханддаг улстөрчийг магтчихвал авлигачныг долоогч бас нэг авлигачин болж хувирна. Таагүй ханддаг улс төрийн намыг дэмжвэл энэ улс орныг сүйрүүлэгч болж цоллогдоно. За тэгээд цаашлаад хил давсан асуудал дээр ч манай, танай талын дайсан болчихож байна. Захын жишээ дурдъя л даа. Оросын дайныг шүүмжлээд “Дайн бол түрэмгийлэл” гээд хэлчихвэл өмнөх түүхээ мэддэггүй, орос ах нараа хүндлээгүй өөдгүй нэгэн болж бүүр барьж идүүлнэ. Гадаад дотоодоос нь холбон элдвээр баалж нэр хүндийг нь гутаана.

Ингээд харахаар энэ нийгэмд иргэн хүн юу ч гэж хэлж чадахаа больж байна. Хэнээс ч хамааралгүйгээр үзэл бодлоо өөр өнцгөөр илэрхийлсэн хүнийг зүгээр л сошиалаар шившиглээд хаячихаж байна шүү дээ. Цаашлаад шившиг болж байгаа хүнийг, цагдаад дуудагдаж байгаа хүмүүсийг нийгэмд элэг доог болгон харуулж байна. Хүн нийгмийн амьтан. Хэн нийгмээс гадуурхагдахыг бодох билээ.

Энэ бол маш хортой зүйл. Ардчиллын амин сүнс болсон олон ургальч үзлийг тасдаж байгаагаас өөрцгүй. Үүнээс болж Монголд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн олон ургальч үзэл гарахаа байчихлаа. Хүмүүс үзэл бодлоо хэлэхээс айдаг, эмээдэг, төвөгшөөдөг болж эхэллээ.

Нэг ёсондоо бид социализмаас илүү галивлеттай болчихож. Галивлет гэж социализмын үед дуу шүлэг, кино, зохиол гээд бичих юу байна тэр бүхнийг цензурдэж, хянаж шүүж, олон нийтэд гарах эрхийг өгдөг байгууллага байв шүү дээ. Тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн, олон ургальч үзэл санаа цухалзуулсан юухныг ч тас хорьдог, түүнийг бичигчийг ажлаас нь халахаас эхлээд ял шийтгэл хүртэл оногдуулдаг хүнд нийгэм байв. Үүнээс болж хэчнээн ч нийгмийн соён гэгээрүүлэгчид нуруугаа авахуулж, шорон гянданд хоригдож насыг элээснийг хэлж барахгүй.

Өнөөдөр тэр айхавтар галивлет нь ард түмэн өөрсдөө болчихож. Үүнийг зориудаар дөгөөн гааруулж байна. Гуч дөчхөн жилийн өмнө эрх чөлөөг туйлын ихээр хүсч, хүссэнээ ярих, бичих, сурах, нэгэндээ түгээхийн хүслэн болж байсан монголчууд өнөөдөр өөрийн өнцгөөр, өөр талаас нь үг хэлсэн болгоноо цензурдэж шүүдэг, шившиглэдэг галивлетууд болчихсон сууж байна.

Үнэндээ хэн юу гэж ярих нь тэр хүний хуулиар зөвшөөрөгдсөн бүрэн эрх юм. Түүний төлөө бачуурахаа больцгооё. Олон ургальч үзэл бидний оюун санаанд нэвтрээд 30 гаруй жил болчихоод байна шүү дээ. Ийм юм байдаг гэж дуулсан уу, МАНайхаан. Хэн нэгнийхээ үзэл бодлыг хумьдаг, хаадаг, боодог явдлыг өөгшүүлээд байвал Монголд ардчилал хумигдаж эхлэхийн том дохио. Ерөөсөө ардчилал байхгүй болж мэдэх том аюул ч өнөөдрийн энэ хандлагаас шалтгаална.

Тантай хэн нэгний үзэл бодол нийлж ч болно, нийлэхгүй ч байж болно. Тийм ч байх ёстой юм. Орчин үеийн ардчилал гэдэг энэ юм. Санал нийлээгүйн төлөө бусдыг шившиглэхээ л больё. Дахин хэлье, Монгол Улсад олон ургальч үзэл нэвтрээд 30 жилийг ардаа орхичихоод байгаа юм шүү.

Б.Энхзаяа

http://hardnews.mn/31411/


URL: