Б.СОДНОМДАРЖАА: Миний биеийн байдал муу байгаа. Зах дээр худалдаа наймаа хийж, хоолоо залгуулж байна

5c214a68a6db6e4e28ed8a90f1eec7cdТөр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонсож, зургаан жил хоригдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар 2021 оны тавдугаар сарын 14-нд батлан даалтад гарсан билээ. Учир нь, тэднийг батлан даалтад гаргах шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдож, Улсын дээд шүүхээс батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноохдоо хууль хяналтынхан “Эрүүдэн шүүсэн” гэж Улсын Дээд шүүхийн шүүгч нар үзсэн байдаг аж.

    Тэднийг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцож, шүүхээс ял оноосон. Гэвч тэд жил хүрэхгүй хугацаанд хоригдож, Өршөөлийн хуулиар суллагдсан юм. Харин ТЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга О.Бархасбадийн шүүх хурлаас шалтгаалж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дахин шинээр шалгах эсэх нь тодорхой болно.

    Б.Содномдаржаагаас хэргийн одоогийн нөхцөл байлын талаар болон биеийн байдлынх нь талаар тодрууллаа. Тэрбээр “Олон жил хохирч хэлмэгдэж явлаа. Надад хийсэн хэрэг байхгүй. Би хаана ч, хэзээ ч хэлнэ. Зориг агсаны хэргийн талаар сөхөж, цагдаагаас дуудаагүй. Намайг гүтгэж, олон жил хохироосон ТЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга О.Бархасбадийн давж заалдах шүүх хурал аравдугаар сарын 6-нд Төв аймгийн шүүхийн байранд болно. Миний биеийн байдал муу байна. Нурууны суулттай болж, гуя, шилбэ рүүгээ хатгаад бараг л явж чадахгүй болох гээд хүчээр л алхаж байна. Хүнд хүчир ажил хийж чадхааргүй болсон. Би есөн хүүхэдтэй. Одоо зах дээр худалдаа наймаа хийж, хоолоо залгуулж байна” гэлээ.


URL: