​Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах уу

5f1554666e303

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд томилж байв.

Тухайн үед долларын ханш Монголбанкны зарласнаар 2706 төгрөг, гадаад валютын албан нөөц 4 тэрбум доллар байлаа. Харин одоо долларын Монголбанкны зарласнаар 3344 төгрөг, гадаад валютын албан нөөц 2.5 тэрбум доллар болж буурчээ. Өөрөөр хэлбэл, Б.Лхагвасүрэн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш төгрөг 23.5 хувиар суларч, гадаад валютын албан нөөц 37.5 хувиар буурсан байна.

Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилж байх үед тухайн үеийн УИХ-ын гишүүд дараах ажлуудыг голчлон анхаарч ажиллахыг үүрэг болгож байв.

-Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах,

-Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах,

-Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх.

Харин тэрээр дараах хариултыг өгч байв.

-Зээлийн хүүг бууруулах ажлыг санаачлан зохион байгуулна. Стратегийн хүрээнд бодлогын зардал, зээл олгох процессын зардлыг бууруулахаар төлөвлөсөн. Цаашид зээлийн хүү эрчимтэй буурна. Үүнд томоохон ахиц авчирна.

-БХБЯ, арилжааны банкуудтай хамтран хүртээмжийг нэмэхэд анхаарч ажиллана.

Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаа 2025 оны арваннэгдүгээр сард дуусна. Гэхдээ Харвардын судлаач Balls.E, Howat.J, Stansbury.A нарын Төв банкны хараат бус байдлын судалгаагаар Төв банкны удирдлагыг зургаан жилээр томилдог боловч гүйцэтгэл хангалтгүй, дунджаар 3.5 жил удирддаг хэмээх үр дүн гарсан байдаг. Тэгвэл Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч гурван жил ажиллаж буй юм.

Түүнчлэн долларын ханшийн өсөлт өндөр, төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр, гадаад валютын албан нөөцийн тогтмол буурч буй байдал нь олон нийтийг бухимдуулаад байна. Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулганг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ “Төлбөрийн тэнцлийн алдагдал эхний найман сарын байдлаар 1.5 тэрбум долларт хүрч, гадаад валютын нөөц 2.5 тэрбум доллар болж буурсан нь харанга дэлдэж байна” гэсэн нь Монголбанкинд өгч буй анхааруулга бололтой. Монголбанкны тухай хуульд зааснаар Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахтай холбоотой зургаан заалт байдгийн нэг нь “Үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн” гэх заалт юм. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн үед төгрөгийн тогтвортой байдал алдагдаж буй нь огцруулах нэг шалтгаан болж байна.

Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд ч Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөж магадгүй байгаа юм. Он гарснаас хойш УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах асуудлыг хэд хэдэн удаа хөндөж байсан. Харин тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрх баригч намын даргын хувьд Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулахгүй, хүн солиод асуудал дээрдэхгүй. Гишүүдийн өрөөгөөр “Би Монголбанкны ерөнхийлөгч болно” гэж яриад байгаа нөхдүүдэд хатуу анхааруулъя, аятайхан байгаарай” гэж байсан. Тэрнээс хойш Б.Лхагвасүрэнг ерөнхийлөгчийг огцруулах асуудал дахин хөндөгдөөгүй юм. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд сайд Төв банкны ерөнхийлөгчийг дахиад хамгаалах уу, эсвэл ханш өссөн бурууг тохоод Б.Лхагвасүрэнг явуулах уу.

http://itoim.mn/article/TsVwO/35018


URL: