Хандив авч хүүхэд элсүүлсэн гэх захирлуудыг шалгаж эхэллээ
ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнийн тухайд батлан хамгаалах салбарын эрх мэдэлтэй генерал, хурандаа нарын хүүхдүүдийг ямар нэгэн шалгалтгүйгээр сургуульдаа элсүүлсэн атлаа цэргийн сургуульд суралцах хүсэлтэй жирийн иргэдийн хүүхдүүдийг оруулахдаа хандивын мөнгө авсан гэнэ.
Түүний албан өрөөнд ЭЦА-ныхан нэгжлэг хийгээд эд мөрийн баримт байж болзошгүй багагүй хэмжээний мөнгө хураасан аж. Тэрбээр Л.Болдыг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхад туслах нь байсан, Гадаад харилцааны сайд болоход нь дагаж тус яам руу шилжин яваад эргээд БХЯ-нд ирж ажилласан, тус сургуулийн захирлаар томилогдоод удаагүй нэгэн аж. БХЯ-ныхан түүнийг анги салбарт төдийлөн ажиллаж үзээгүй атлаа асар хурдан цэргийн цолуудыг авсан хүн гэж ярьдаг юм.
Боловсрол, шинжлэх ухааны болон Хууль зүйн сайд нар ерөнхий боловсролын сургуулиудын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийг хэл амгүй зохион байгуулахаа мэдэгдэж, хяналт шалгалтаа сайжруулсны дүнд ийнхүү хандив нэрээр хахууль авсан байж болзошгүй захирлуудыг илрүүлж буй бололтой.
эх сурвалж: tac.mn
URL: