Японд хар салхины улмаас 700 гаруй нислэг цуцлагджээ
ТОКИО. /NHK/. Японы Кюшю арлыг дайрч, зүүн хойд зүгийг чиглэн хөдөлж буй “Нанмадол” хар салхины улмаас 700 гаруй нислэг цуцлагдсан эсвэл хойшлогджээ. Цаг агаарын таагүй байдал төмөр зам, гатлага онгоцны хөдөлгөөнд ч мөн нөлөөлсөн байна.
Даваа гаргийн өглөөний байдлаар хар салхины голомт Кюшю арлын хойд хэсэгт орших Фүкүока мужийг дайрч, зүүн хойд зүг рүү секундэд 4 орчим метрийн хурдтайгаар аажмаар хөдөлж байна гэж Японы Цаг уурын алба мэдээлэв. Салхины хурд голомтдоо секундэд 35 метр хүрч байгаа бол салхины эргэлт секундэд 50 метр хүрч байгаа ажээ. Байгалийн гамшгийн улмаас 41 хүн гэмтэж бэртсэн байна.
Үүнээс гадна, цахилгаан утсанд гэмтэл гарсны улмаас болон гамшгийн бусад үр дагавраас болж 300 мянга гаруй айл өрх цахилгаангүй болжээ. “Kyushu Electric Power” компаниас мэдээлснээр, Японы гол арал болох Кюшюгийн баруун өмнөд хэсгийн хэд хэдэн бүс нутагт 15 мянга орчим өрх гэрэл цахилгаангүй хэвээр байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хар салхи өнөөдөр өдөр зүүн хойшоо чиглэн хөдөлж, Япон тэнгисийн эрэг орчмыг дайран өнгөрч, мягмар гаргийн өглөө тус улсын төв хэсэгт хүрч болзошгүй байгаа аж.
Үүнээс гадна, хар салхи Японы нийслэлийн бүсэд нөлөөлжээ. Токиогийн буланд цаг агаарын байдал муу байгаагийн улмаас Токио хотыг Канагава, Чиба мужуудтай холбодог гатлага онгоцны хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоохоор болжээ. ”Нанмадол” хар салхи мөн ширүүн бороо дагуулсан бөгөөд Японы янз бүрийн бүс нутгийн 9 сая гаруй хүн нүүлгэн шилжүүлэх зөвлөмжийг хэдийнээ хүлээн авсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: