Дэлхийн эдийн засагт уналт айсуйг Дэлхийн банк анхааруулав
Төв банкнууд бодлогын хүүгээ эрчимтэй өсгөж байгаагаас шалтгаалан ирэх оноос дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдэж буйг Дэлхийн банк шинэ тайландаа онцоллоо.
Дэлхийн улс орнуудын бодлого тодорхойлогчид эдийн засгаа дэмжих төсөв, мөнгөний бодлогын арга хэмжээгээ шил даран зогсоож буй нь сүүлийн хагас зуун жил байгаагүй өргөн хүрээг хамарч буй аж. Энэ нь санхүүгийн нөхцөл муудах, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах зэрэгт өмнө тооцоолж байснаас хүчтэй нөлөө үзүүлэхээр байгааг тус байгууллага мэдээлж байна.
Ирэх он гэхэд Төв банкнууд суурь инфляцыг таван хувийн түвшинд барихын тулд бодлогын хүүг бараг дөрвөн хувь болгож нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд давамгай байгаа бөгөөд энэ нь 2021 оны дундаж түвшнээс хоёр дахин өндөр дүн болж байгаа юм.
Дэлхийн банкны тооцооллоор 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, 0.5 хувь болохоор байна. Бодлого боловсруулагчид хэрэглээг бууруулахаас илүүтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч, нэмэлт хөрөнгө оруулалт бий болгох, бүтээмжийг өсгөхөд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс тодотгож байна.
Буурай хөгжилтэй орнуудад эдийн засгийн уналт удаан хугацаанд үргэлжилнэ гэж санаа зовниж буйгаа тэрбээр үүнээс өмнө мэдэгдэж байсан юм.
Ирэх оноос төсвийн бодлогоо чангатгаж, зарцуулалтаа танах улс орнуудын тоо 1990-ээд оноос хойших дээд түвшиндээ хүрэхээр байгаа бөгөөд энэ нь мөнгөний бодлогын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөг улам нэмэгдүүлэх аж.
https://bloombergtv.mn/news/gt13
URL: