Украины арми 3000 кв.км газар нутгаа эргүүлэн хяналтдаа аваад байна
Ням гарагт Украины цэргийн хүч Харьков мужид эрчимтэй давшилтаа үргэлжлүүлж, стратегийн ач холбогдолтой Изюм хотыг ОХУ-ын хяналтаас эргүүлэн авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн тухайн өдрийн давшилтын хүрээнд Киевийн цэргүүд Харьков хотоос зүүн тийш 90 километрийн зайд, ОХУ-Украины хилээс холгүй орших Великий Бурлук суурин болон Чкаловск хотыг эзлэн авсан болохыг мэдэгджээ.
Украины армийн тэргүүн командлагч Валерий Залужныйн мэдэгдсэнээр есдүгээр сар гарсаар Украины тал 3000 квадрат километр талбай бүхий газар нутгаа эргүүлэн өөрсдийн хяналтад авч, одоогийн байдлаар ОХУ-ын хилд 50 км тулж ирээд байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдөр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярилцахдаа “Запорожье”-ийн атомын цахилгаан станцын ойр орчмоос зэвсэглэлээ эргүүлэн татахыг уриалсан байна. ОХУ-ын олон зуун цэрэг байршиж буй тус станцын ажиллагааг саяхан бүрэн зогсоосон тул НҮБ-ын Цөмийн агентлагаас станцын аюулгүйн түвшнийг “эрсдэлтэй” ангиллаас түр хугацаанд бууруулаад байгаа юм.
Дайн эхлээд 200 гаруй хоног өнгөрч буй энэ үед дээрх давшилт нь Украины хувьд Киевээс ОХУ-ын цэргийг шахан гаргаснаас хойших анхны томоохон ялалт нь болж байна.
https://bloombergtv.mn/news/g2ni8
URL: