Самарчдын 37 отог, 146 иргэнийг ногоон бүсээс буулгажээ

631a92238c81e851e4148966-1Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Богдхан уулын Дархан цаазат газар хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм.

Есдүгээр сарын 8-ны байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулгасан байна. Зөрчлийн шинжтэй зургаан  үйлдлийг илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлжээ.

Хяналт шалгалтын үеэр иргэд ойн дагалдах баялаг болох хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээсэн зөрчил ихээр илэрчээ.  Түншүүр буюу хатуу биетээр механик үйлдэл үзүүлж модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны хоёрдогч хортон орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй аж. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултайг мэргэжилтнүүд сануулж байна.

“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ нь холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.


URL: