Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахад хийсэн шалгалтын талаар мэдээллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтран хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүн, авсан арга хэмжээний талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж, Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Алтантуяа, НМХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ.
Хамтарсан шалгалтаар нийт 49 аж ахуйн нэгжийн агуулахад хадгалагдаж буй 14037.18 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн бөгөөд үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийн байдалд хяналт хийсэн.
Хяналт шалгалтаар:
1. БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгжийн 6590.6 тонн үхэр, хонь, ямааны мах нь стандартын шаардлагыг хангаж байгаа тул экспортлох үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт танилцуулж, шийдвэрлүүлсэн.
2. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлгүй 7 аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541.5 тонн үхэр, хонь, ямааны мах, 16 аж ахуйн нэгжийн 1756 тонн ангилан савлаж бэлтгэсэн адууны махтай холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газарт шилжүүлсэн.
3. Найман аж ахуйн нэгжийн агуулахад хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507.08 тонн мах лабораторийн шинжилгээгээр нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан тул хураан авч, зохих журмын дагуу шийдвэр гаргах, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
4. Хяналт шалгалтаар холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, эрх бүхий албан тушаалтаны хууль ёсны тавьсан шаардлага биелүүлээгүй 23 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 22 аж ахуйн нэгжид 71.5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 16 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан. Цагдаагийн байгууллагаас нэг аж ахуйн нэгжид хэрэг үүсгэн шалгаж байна.
URL: