Хүнс, хөдөө аж ахуйн салбарт удирдлагын гамшиг нүүрлэлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт томоохон бизнес эрхэлж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй, агрономич Х.Болорчулуун удирдахаар боллоо. Гэтэл дүүгийнхээ дэмжлэгээр яам, яам дамжиж, наймааны морь шиг болсон, мэдээллийн технологич Ж.Бат-Эрдэнийг Дэд сайдаар томилов. Тэгвэл Төрийн нарийн бичгийн даргаар “Цар тахлын хууль”-ийн дагуу албан тушаалтнуудыг сонгон шалгаруулалтгүй бөөндөхөд үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон Т.Жамбалцэрэн гэх нөхөр ажиллаж байгаа. Энэхүү томилгооноос харахад хүнс, хөдөө аж ахуйн салбараас өнөөх Засгийн газрын хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг харахын ч хэрэггүй, өлсөхгүй явбал их юм болно гэх хүн олон байна. Одоо яах вэ. Ногоочид нь зөнгөөрөө ногоогоо тарьж, малчид нь зөнгөөрөө малаа маллах, үйлдвэрлэгчид нь үнээ нэмэх ганц л гарц үлдсэн гэлтэй.
Түүнээс бус шинэхэн сайдынх нь махны үнэ мэдэхгүй байгаа, Эмээлтийн нөхцөл байдлыг тайлбарлаж чадахгүй байгаа зэрэг яах вэ. Тэр бол өнөөдрийн л асуудал. Эрх биш махныхаа үнийг судлачих байх. Хамгийн гол нь ард түмэн Монгол Улсын нийгэм эдийн засгийн ноён нуруу болсон голлох салбараас их зүйл хүлээж байсан нь талаар болох уу. Тэгэхээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын ирээдүйд биднийг юу тосон уулзах вэ гэдэг айдас л үлдэж. Энэ утгаараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох явц бол наймааны хэлбэрийн жүжиг болж төгслөө. Эцэст нь хаяж ч болдоггүй, авч ч болдоггүй хэдэн нөхдийн байр суурийг өөрчилснөөр төгслөө гэх шүүмж хаа сайгүй байна. Үнэний ортой. Энэ нь сайдуудынхаа дээлийг давхарлаж, парламентад хүчтэй байлгах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг саадгүй явуулах гэсэн санаа учраас шууд утгаар нь буруутгах аргагүй.
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уруу дорой байдалд томоохон арга хэмжээ авах зайлшгүй шаардлага ч байгаа. Аливаа зүйл гэрэл сүүдэртэй байдаг. Үүн лугаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд сайн ч зүйл бий, саар ч зүйл бий. Тэр нь эзнээ олоогүй томилгоо.
Тухайлбал, дээр дурдсанчлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилж байгааг огтхон ч ойлгосонгүй. Юуны өмнө тэр өөрөө хүнсний салбарт бизнес хийдэг улстөрч гэхээр ашиг сонирхлын том зөрчил илэрч байна. Тодотговол, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж бий. Уг нь энэ хуулиа мөрдвөл Х.Болорчулуун сайд болох учиргүй хүн. Түүнд асар том ашиг сонирхлын зөрчил бий. Урьд өмнө бизнес эрхэлж байсан нь хамаагүй байж болох ч түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Дорнод” гурил, тэжээлийн үйлдвэрт хувь эзэмшдгийг дурдсан нь бий. Уг хуулийг энгийн байдлаар ойлгуулахад ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтод төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгодог. Үүнээс байнга, бололцооныхоо хэрээр зайлсхийж, өөрийн болон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх шаардлага төрийн албан тушаалтнуудад тавигддаг л зүйл.
Өөрөөр хэлбэл, Х.Болорчулуун салбарын сайдаар томилогдохоос зайлсхийх хэрэгтэй. Ерөнхий сайд, Засгийн газраас санал болгосон ч татгалзах агуулга бүхий эрх зүйн орчинтой зүйл. Харин манай төрд хуулиасаа эсрэг, шантааж хийж байгаад ч хамаагүй улайрч сайд болдгийн цаана юу байна. Өнөөх л ашиг сонирхлын зөрчил бүр амь бөхтэй оршиж байгааг харуулсан хэрэг болно. Нөгөө талаар тэр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдож байсан хүн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хамгийн олон сан бий. Тэр бүрээс энэ зээл гардаг гэхээр бас л нэг ашиг сонирхол. Урьд өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр сайдынхаа суудлыг өгч, улмаар шүүхээс хариуцлага тооцож байсныг бид мэднэ.
Х.Болорчулууны хувьд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр социалист нийгмийн үед буюу 1987 онд төгсөж, ажил хөдөлмөрийн гараа нь Дорнод аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтнээр эхэлж, Булган сумын “Туг” нэгдэлд агрономичоор ажиллаж байгаад нэгдэл задрах 1992 онд Аж ахуй байгуулан гарснаар бизнест хөл тавьж, улмаар “Дорнод” гурил, тэжээлийн үйлдвэрийн эзэн болсон бизнесмэн. Нөгөө талаар тэр өнөөдрийн парламентад байх цөөн хэдэн популист гишүүдийн нэг. Эрх ашгийн төлөө хэнтэй ч нэгдэж чадах нэгэн гэдгийг надаар хэлүүлэх юун. Намаа ихээхэн шүүмжилдэг нь сайдын суудалд аваачих томоохон шалтгаан болсон байх. Засгийн бүтэц бүрэлдэхүүнд Б.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар гээд хэдэн намаа шүүмжилдэг нөхдийн амыг хаан оруулж ирлээ шүү дээ. Түүнээс тэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт эрс шинэчлэл, эргэлт хийчих хэмжээний хүн биш л болов уу. Тэгээд ч өөрөө хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнестэй хүн, түүндээ л илүү анхаарна биз.
Х.Болорчулуун ч дүүрсэн хэрэг гэж бодоход Дэд сайдаар туршлага бүхий салбарын нөхрийг томилсон бол гэх хүн байна. Гэтэл дүүгийнхээ дэмжлэгээр Зам, тээвэр хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ гэх нөхрийг “шагнах” замаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайдаар томилсон гэдгийг нуух хэрэггүй. Түүний дүү Ж.Батзандан МАН-д маш том үүрэг гүйцэтгэж, үнэмлэхүй ялалтад хүргэхэд том гавьяа байгуулсан гэдгийг хэвлэлийнхэн онцолдог. Тиймээс дүүгийнхээ гавьяаны өчүүхэн хэсгийг Дэд сайдын албаар ээлжлэн эдлэх болсон нь өдгөө ад үзэгдэх томоохон шалтгаан болоод байна. Ж.Бат-Эрдэнэд уг нь хүнс, хөдөө аж ахуй бүү хэл зам, тээврийн салбар ч огт хамаагүй. Гэтэл МАН ямар нэгэн аргаар Дэд сайдын суудалд тэс хөндлөн залаад байгаагийн цаана томоохон дэмжлэг байгааг харуулсан хэрэг болов уу. Тэр нь Ж.Батзандан байх.
Тодотговол, Ж.Бат-Эрдэнэ Новосибирск хотын Техникийн Улсын Их Сургуулийг “Системийн инженер” мэргэжлээр, ХБНГУ-ын Дортмунд хотын Мэдээллийн технологийн институтийг Мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны арга зүйч мэргэжлээр, мөн АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын шинжээчээр төгссөн хүн. Мэдээллийн технологи талдаа бол тийм ч олон байхгүй мэргэжилтэн гэж болно. Харин замаар бол явж үзсэн байх, өөр юу ч байхгүй. Мах бол иддэг байх, мал гэж мэдэхгүй ийм л хүн. Ажил хөдөлмөрийн гараагаа ч мэдээллийн технологийн чиглэлээр эхлүүлж, үүгээр дагнасан хүн. Гэтэл учрыг нь ч олж амжаагүй замын салбараас нь Хүнс, хөдөө аж ахуйн салбар руу өгчихлөө. Бүр ч самарна биз. Тэр ч бүү хэл “Манай Дэд сайд хонь, ямаагаа ялгах байгаа даа” гэж хошигнох ч хүн байна. Өдгөө Төрийн нарийн бичгийн даргын албыг залгуулж буй Т.Жамбалцэрэн Ч.Улааныг сайд байх үед сонгон шалгаруулалтгүй томилогдож байсан. Мөнхүү Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд байгаад чанаргүй зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй шалтгаанаар зөвлөлөөс хасагдаж явсан нөхөр. Түүний хувьд эрх биш энэ салбарт газар, хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн учраас салбараа мэдэх байх гэж найдна.
Хөдөө аж ахуй гэдэг бол манай улсын гол салбар, дээр нь хүнс гэхээр нийгмийн амин чухал хэсэг. Анхдагч гэж болох энэ салбар маань зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш хөл дээрээ бүрэн тэнцэж чадаагүй өнөөдрийг хүрсэн гэдгийг нуух хэрэггүй. Дотоодод махны үнэ хэдэн төгрөгийн үнэтэй байгааг мэдэх мэдэхгүй нь хамаа алга. Бидний арай гэж эхлүүлэх гэж байгаа махны экспорт юу болох бол. Дээр нь арай гэж амь тээж байгаа хүнсний хэдэн үйлдвэрлэгчдээ яах вэ. Бэлчээрийн даац, малын тоо толгой, эрчимжсэн мал аж ахуй, үр тариа, газар тариалан гээд дурдаад барахгүй олон зүйл энэ салбарт бий. Хамгийн том асуудал гэвэл өдгөө ч шийдлээ олоогүй байгаа Хөнгөн үйлдвэрийн цогцолбор яах вэ. Үүнээс үүдэж малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгох тухай асуудал гээд шил шилээ дарсан зүйл байна. Гэтэл ашиг сонирхлын зөрчилтэй сайд, салбараа мэдэхгүй, наймааны морь шиг болсон Дэд сайд томилогдож очихоор юу болох вэ. Өнөөх Засгийн газраас хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” юу болох вэ. Ерөөсөө хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт удирдлагын гамшиг нүүрлэлээ гэж болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: