ОХУ Эстонийн “THeMIS” роботын төлөө өндөр шагнал зарлав
ОХУ-ын Стратеги, технологийн анализын төв Украинд ашиглаж буй “THeMIS” роботыг олзолж, ОХУ-ын Батлан хамгаалах яаманд авчирсан хүнд нэг сая рублийн шагнал амласан тухай РИА Новости мэдээлжээ.
Тус төвийн мэдээллээр, наймдугаар сард Киев ийм техникийн эхний ээлжийг хүлээн авчээ. Ойрын үед Киевт дахин хэд хэдэн ийм платформ нийлүүлнэ гэж таамаглаж байна. Эдгээрийг шархдагсдыг нүүлгэн шилжүүлэх, зэр зэвсэг хүргэхэд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Энэ техник нь технологийн хувьд ихээхэн сонирхол төрүүлж байгаа тул тус төв бүтэн эсвэл баг зэргийн гэмтэлтэй “THeMIS” роботыг авчирсан цэрэг, хүчний байгууллагын алба хаагчид нэг сая рублийн шагнал олгоно хэмээн зарласан байна.
ОХУ-ын Стратеги, технологийн анализын төвийн захирал Руслан Пуховын ярьснаар, “THeMIS”-ийг судлах нь Оросын хуурай замын роботжсон системийг хөгжүүлэхэд хэрэгтэй. Өдгөө Украинд нийлүүлэгдэж байгаа цэргийн техникээс үнэхээр орчин үеийн, дэвшилтэт гэж үзэх нь туйлын цөөн. Харин “THeMIS” нь анхаарал татахуйц инновац. Энэ бол дайны ирээдүй хэмээн Пухов онцолжээ.
“THeMIS” нь Эстонийн “Milrem Robotics” компанийн бүтээгдэхүүн. Киевт зориулж ийм техник бүтээх төслийг Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенко санаачилж байжээ. Украинаас гадна уг техникийг НАТО-гийн долоо, нийт 11 улсын зэвсэгт хүчин авсан байна. “THeMIS”—ийг Европын Холбоо Мали дахь ажиллагааныхаа үеэр ашиглаж байжээ.
URL: