О.Даваадэлгэрийн хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг 1 жил хасаж, 5 сая төгрөгөөр торголоо

712-1662383126712-1662378041302162960_5413639945339059_6033836106231484355_nМонголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон.

Тоглолтын үеэр Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан,  сармагчин шиг хөдөлсөн үйлдэл хийсэн билээ.
Үүнтэй холбогдуулан Монголын Хөлбөмбөгийн Холбоо хуралдаж, шийдвэр гаргажээ. Уг шийдвэрт: “Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ны Сахилгын хороо МХБХ-ны Моби дээд лигийн 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдийн хооронд явагдаж, тус тоглолттой холбоотойгоор СП Фалконс клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, СП Фалконс клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нараас Дэрэн клубийн тоглогч О.Даваадэлгэрт холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.
Дэрэн клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчингийн хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоогдсон байна.
Иймд МХБХ-ны Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргасан байна.
Үүнд:
1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах
3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.” гэжээ.


URL: