Хөгжлийн Банкны захирал асанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ

712-16620167292KQZqxM7ZNYCMmKC5EmRtCf7ZGXe7Sg9nluRO8As_af2PHMHМонгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, тус банкны дэд захирлаар ажиллаж байсан М… нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Н” ХХК-д давуу байдал олгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 21 сая ам.долларын хохирол учруулсан гэх үндэслэлээр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

Түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болсон талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.
Тодруулбал, яллагдагч М…-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг шүүгчийн захирамжаар нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн,  уг шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгч Б…-ийн гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянаад, өмгөөлөгчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгчийн дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бөгөөд уг шийдвэр эцсийн байхаар заасны дагуу дээрх шүүгчийн захирамжийг хянасан Ерөнхий шүүгчийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Гэтэл, яллагдагч М…-ийн өмгөөлөгчөөс “…цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх”-ээр дахин хүсэлт гаргасныг, шүүгч хүлээн авч хянаад, өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагч М…-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээгээр өөрчлөхөөр шүүгчийн захирамж гаргажээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч прокуророос гомдол гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон дээрх журмын дагуу Ерөнхий шүүгч хянаад, яллагдагч М..-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамжийг “хууль бус” гэж үзэж хүчингүй болгов.
Өөрөөр хэлбэл, яллагдагч М…-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд, түүний хугацааг сунгаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан өмгөөлөгчийн гомдлыг хуульд заасан журмын дагуу нэгэнт хянан шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхий шүүгчийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад уг асуудлыг дахин хянаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй гэж үзсэн байна.
Иймд, яллагдагч М..-д  хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М…-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.


URL: