Ц.Нямдорж улс төрөөс ЯВААГҮЙ

b8daea237796f244eb15c5749b493da3Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог барьж байсан Ц.Нямдорж өчигдөрхөн ажлаа өглөө. Түүний ажлыг намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэхээр болж, тангарагаа өргөв.

Харин ажлаа өгсөн Ц.Нямдорж улс төрөөс түр завсарлага авч байна. Түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргаар очно гэх яриа, таамаг бий.

Дээрх таамаг, яриаг ч Ц.Нямдорж үгүйсгэсэнгүй. Тэрбээр ”Шинээр томилогдож байгаа сайд нар УИХ-ын гишүүнийг гурав, дөрвөн удаа хийчихсэн хүмүүс бий. Улс төрийн нөхцөл байдлыг сайн гадарлаж байгаа нөхөд. Ажлаа сайн хийгээд явчих байх гэж найдаж байна. Тал хувь нь үлдэж байгаа учраас Засгийн газрын ажил уламжлал гэдэг зүйлээ дагаад явчихна. Миний хувь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад ажлаа өгч байгаад баяртай байна. Миний хувийн амьдрал бол та нарын анхаарал татах асуудал биш. Би Монголын төрд 41 жил, улс төрд ороод 32 жил ажиллаж байгаа хүн. Нам, УИХ, Засгийн газрын түвшинд удаан ажилласан цорын ганц хүн нь би” гэх тайлбарыг өчигдөр /2022.08.30/ хэвлэлийнхэнд өгсөн юм.

Ямартай ч хуулийн сайдаар таван удаа сонгогдон ажиллаж байсан Ц.Нямдорж улс төрөөс яваагүй, түр завсарлага л авсан нь тодорхой. Олны таамаглаж байгаагаар магадгүй тэр Үндсэн хуулийн Цэцийн даргын суудалд суух тохироогоо хийж, ЗГХЭГ-ын даргын албан тушаалаа өгсөн байхыг үгүйсгэхгүй. Түүнийг нэг л өдөр Үндсэн хуулийн “манаач”-аар очиход нэг их гайхаад байх зүйлгүй, цаг хугацаа л харуулна.


URL: