Зеленский: Гал зогсоох боломжгүй

Untitled-5(1)ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрснаар өнөөгийн дайн эхэлсэн юм. Энэ дайн эхэлснээс хойш дөрөв дэх хоногт буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр талуудын анхны хэлэлцээ болж, улмаар хамгийн сүүлд гуравдугаар сард Туркийн зуучлалтайгаар Стамбулд хэлэлцээ хийсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй. Ингээд үүнээс хойш таван сар гаруйн хугацаанд байлдааны ажиллагаа тасралтгүй үргэлжилж, хэлэлцээ хийхтэй холбоотой сураг ажиг гарахгүй л байгаа юм. Түүний зэрэгцээ сүүлийн үед Украины талаас “Оростой хэлэлцээ хийх боломжгүй” гэсэн утга бүхий мэдэгдэл байнга гарсаар байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский наймдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр DW агентлагийн сурвалжлагч өвөл гэхэд дайн дуусах эсэх талаар асуухад одоогоор Оросын өдүүлсэн дайны явцад гал зогсоох нөхцөл алга байна хэмээн хариулжээ.

“Бидний зогсож байгаа цэг дээр бид гал зогсоох горимд шилжихэд бэлэн биш байна” хэмээн Владимир Зеленский хариулсан байна.

Түүний өгүүлснээр, сөргөлдөөнийг дуусгах шат руу орох ёстой гэсэн дохиог ойлгосон, гэхдээ “Минск -3”, “Минск-5” зэрэг хэлэлцээ огт болохгүй гэнэ.

“Бид ийм тоглоомоор тоглохгүй. Бид нутаг дэвсгэрийнхээ хэсгийг алдсан. Хэлэлцээ бол занга. Манай улс өмнөд хэсгээ алдана гэсэн үг” хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.

Түүний өгүүлснээр, одоо хэлэлцээ хийхээр болвол ямар нэг нөхцөл тавигдана, ингэснээр Украин далайд гарах гарцгүй болох гэнэ. Ингэснээр Оросын цэргүүд жилийн дотор Николаев, Одесс руу түрэн орж ирнэ гэж Зеленский үзэж байгаа аж.

“Ингээд л дараа нь тэд манай нийслэл рүү хөдөлнө. Тиймээс Оросын цэргүүд одоо байрлаж байгаа газарт Украин нөхцөл байдлыг тогтворгүйжүүлнэ гэж байхгүй” хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.

Тэрбээр ийм мэдэгдэл хийхээс хэдхэн хоногийн өмнө мөн л хэлэлцээ боломжгүй болно гэсэн утгатай мэдэгдэл хийж байлаа. Тодруулбал, Азовсталь үйлдвэрээс олзлогдсон цэргүүдийг Оросын тал шүүхээр зэхэж байгаа бөгөөд энэ үйл явдал болдог л юм бол Оростой ямар ч хэлэлцээ хийхгүй гэж Зеленский анхааруулсан юм.

Олзноос 144 цэрэг чөлөөлөгдсөн 

Мариуполь хотын “Азовсталь” үйлдвэрт байрлан, хотын хэсгийг хамгаалж байгаад Украины эрх баригчдын тушаалаар бууж өгөн, олзлогдсон Украины цэргийн алба хаагчдын хувь заяаны талаар хэвлэлийн бага хурлын үеэр  сэтгүүлчид асуужээ.

Зеленскийн өгүүлснээр одоогоор 144 хүнийг эх оронд нь эргүүлэн авчирсан бөгөөд гэхдээ энэ нь ердөө “албан ёсны хэсэг” гэнэ. Мөн “албан бусаар” эргэж ирсэн хүмүүс ч байгаа, олзлогдсон цэргүүдийг солилцох асуудлаар дорвитой үр дүнд хүрсэн тохиолдолд нийтэд мэдээлнэ гэж Зеленский мэдэгджээ.

Түүнчлэн Мариупольд олзлогдсон цэргүүдийг “шүүх эсвэл өөр аймшигт алхам хийх л юм бол дипломат арга замын талаар мартах хэрэгтэй болно” хэмээн Зеленский анхааруулсан байна.

ЗЕЛЕНСКИЙ: МАРИУПОЛИЙН ОЛЗЛОГСДЫГ ШҮҮХ Л ЮМ БОЛ ОХУ-ТАЙ ЯМАР Ч ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дайн эхэлснээс хойш өдөр бүр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж байгаа юм. Тэрбээр ням гарагт хийсэн мэдэгдэлдээ ямар нөхцөлд хоёр тал хэлэлцээ хийх боломжгүй болох талаар мэдэгджээ.

Г.Бямбасүрэн

www.Shuud.mn


URL: