МАН АН-аас савраа тат

299813452_1024398668251635_4897674114820411242_n-1024x6442020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаа талаасаа өнгөрч байна. Гэвч 2020 оны сонгуулийн дараа хагарч бутарсан Ардчилсан нам одоо болтол эвлэрч нэгдсэнгүй. Энэ байдлаараа 2024 оны сонгуулийн өмнө ч иймэрхүү л байдалтай байх бололтой. Ийм байдалтай байгаа нь Ардчилсан намын удирдлагуудын буруугаас гадна бас МАН-ын шууд оролцоотой холбоотой. Ардчилсан намынхан хагарч бутрах үндэслэлийг өөрсдөө тавьж, МАН түүнийг нь өдөөж, дэмжиж байгаа хэрэг. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл эвээ олохгүй яваа нь МАН-тай шууд холбоотой. АН-ын бүхий л хагарал бутрал МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа ажил гэж ойлгож болно. Учир нь, АН Монгол Улсын хөгжилд хэрэгтэй улс төрийн хүчин. Ардчилсан нам сул байх нь МАН-д ашигтай ч монголчуудад хортой.

Сүүлийн найман жил нэг нам хэт олонхоороо бүх эрх мэдлийг гартаа авчихлаа. Бүх эрх мэдлийг гартаа авчихсан хүмүүс бусадтай харилцан ярилцах нь багасч, нийгмээ иргэдээ сонсох нь холддог. Эрх баригч нам шинжлэх ухааны дүгнэлтүүд, баримт, статистик, судалгааны үр дүнгүүдээр бодлого гаргахаасаа илүү бид олонх болчихсон, эрх мэдлээр дутахгүй юм чинь гэсэн хандлагаар илүү түрэмгий, хүч түрсэн ажлын арга барилд дасгачихдаг. Одоогийн нөхцөлд Ардчилсан намыг орлох гуравдагч хүчин Монголын улс төрд алга. Нэг намын эрх мэдэл хэт давамгайлсан өнөөгийн нөхцөлд хүчтэй сөрөг хүчин байх нь монголчуудад хэрэгтэй. АН эрх баригчдын бурууг сөрөх, үнэмлэхүй эрх мэдлийг хязгаарлах, хяналт тавихад нэн хэрэгтэй. Олон намын тогтолцоот ардчилсан нийгэмд хүчтэй сөрөг хүчний үүрэг нөлөө их бий. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах үүрэг сөрөг хүчнийх. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж, нийгмээ сайжруулахын төлөө хүчин зүтгэл гаргах ёстой нам нь Ардчилсан нам. Ардчилсан намынхан одоогийнх шиг ийм сул дорой ч байгаагүй юм аа. Намын тамга тэмдгээ булаацалдаж, нэг нэгээ үгүйсгэж, МАН-ын тоглоом болж байгаа нь дэндүү харамсалтай.

Гэхдээ улс төрийн соёл, ардчиллын хариуцлага гэж юм бий. Ардчилсан нийгэмд өрсөлдөөнт улс төрийг чухалчлан хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан нам бол Монголын ардчиллын тулгуур багана. АН амьд үлдэж байж л ардчилал амьд үлдэнэ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд АН дахин хөл дээрээ зогсох хэрэгтэй. Сөрөг хүчин гэгдэх АН-ыг хувааж, устгах гэсэн МАН-ын оролдлого тун идэвхтэй байна. Эрх чөлөөний баганаа ингэж хөрөөдөж болохгүй. Монголын ардчиллыг эрх баригч нам алдаа гэж бодож байна уу. АН бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа.

МАН-аас гарч байгаа шийдвэр бүр хоёр үзүүртэй гардаг. Аль ч талаас нь ойлгож болохгүй. МАН өрсөлдөгчөө янз янзаар хагалан бутаргаснаар өнөөдөр Монголын ардчиллыг үгүй хийх гэж байна. МАН-ын аппарат болон түүний удирдлагууд АН-ын бүх үйл ажиллагаанд бодлогоор оролцож байдаг. Үүгээр нь зөвлөх тавина, үүгээр нь хор хутгуулна, тэрийг нь шоронд хийнэ, энийг нь намаас нь хөөлгөнө гэсээр байгаад АН-ыг устгаж, Монголын ардчиллыг мөхөөх нь. Монголд ардчилал үгүй бол Монголын тусгаар тогтнолд нэн аюултай. Хэрвээ тусгаар тогтнол ирээдүйгээ бодож байвал МАН АН-ыг одоо зөнд нь орхи оо. Хагалж бутаргаж хор хутгахаа зогсоо. Эрх баригчид алдаа гаргах болгондоо Ардчилсан нам руу буруугаа чихдэг. АН-ын 30 жилийг харлуулж, үгүйсгэх, ардчиллын лидерүүдийг барьж шоронд хийсэн үйл явдлууд тасралтгүй болж байна.

Өнөөдөр АН-аар иргэд Ардчиллыг хардаг. Нэг ёсны Монголын ардчиллыг АН өмчлөх үүрэгтэй ч юм шиг. Ингэж байж тэд хариуцлага үүрнэ. Ардчиллын алдаа гажуудал байгаа бол энэ нийгмийг авчирсан улс төрийн хүчний хувьд түүнийг засах, өөрчлөх нь АН-ынхны үүрэг мөн.

Ардчилсан нам өнөөдөр устах аюулд орж байна. Баруун төвийн чиг баримжаатай, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эрх ашгийн төлөө зогсдог намыг зүүнтнүүд, эрх мэдлийн төлөө юугаа ч үл хайхрах албан тушаалтнууд булааж авахыг санаархаж байгаа нь харамсалтай.

Хэрвээ Монгол Улс ардчилалгүй бол, ардчилсан засаг төргүй бол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал маань үгүй болно. 1990 онд ардчилал гарч, АН байгуулагдаж байж, ардчилсан төр засагтай болсноор Монгол Улсын тусгаар тогтнол бүтэн болсон нь үнэн. Өөрөөр хэлбэл, монголчуудын тусгаар тогтнолын галт бамбар бол ардчилал, олон нам бүхий ардчилсан парламентат төр засаг юм. Энэ утгаараа АН-ын төлөө ч бус, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бүтэн байлгахын төлөө МАН АН-аас савраа тат.

Б.Номинрдэнэ

Өдрийн сонин


URL:

Tags: ,