Энэтхэг 25 жилийн дотор хөгжингүй улс болохоор зорьж байна

712-166063320762fb42029849cШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэг улс 25 жилийн дотор хөгжингүй орон болохоор зорьж байна гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди даваа гарагт ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Тэрбээр Энэтхэг Британийн колончлолоос гарсны 75 жилийн ойг тохиолдуулан үг хэлэх үеэрээ залуу үеийнхэнд “өмнөө том зорилт тавьж”, амьдралынхаа хамгийн эрч хүчтэй, үр бүтээлтэй үеэ улс эх орныхоо төлөө зориулахыг уриалсан байна.
“Бид эх орноо 25 жилийн дотор хөгжингүй орох болгох ёстой. Энэ бол маш том зорилт учир бид бүх хүч чадлаа дайчлах хэрэгтэй” гэж өдгөө 71 настай Н.Моди хэлжээ. Дэлхийн банк одоогоор Энэтхэг улсыг дундаас доош орлоготой эдийн засаг буюу нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1086-4255 ам.доллар байдаг ангилалд оруулж байгаа бөгөөд АНУ тэргүүтэй өндөр орлоготой орнуудад нэг хүнд 13205-аас дээш ам.долларын ДНБ ногддог. Энэтхэг нь дэлхийн зургаа дахь том эдийн засагтай орон бөгөөд 2023 оны гуравдугаар сард дуусах санхүүгийн жилд 7 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа нь томоохон эдийн засгуудын дундаа хамгийн хурдацтай үзүүлэлт болох юм.
Олон шинжээчийн үзэж буйгаар, Энэтхэгийн эдийн засаг 2050 он гэхэд АНУ, БНХАУ-ын араас гуравдугаарт орох хэмжээнд хүрч өргөжих бололцоотой хэдий ч одоогоор нэг хүнд ногдох орлого 2100 ам.доллар орчим байгаа нь олон орныхтой харьцуулахад бага хэвээр байж магадгүй байна. 1.4 хүн амтай Энэтхэг улс нь ирэх онд хүн амын тоогоороо Хятадыг гүйцэж түрүүлэх төлөвтэй байгаа аж.
АНУ тэргүүтэй орнууд Энэтхэгийг Хятад улсын Ази болон бусад орнуудад өсөн нэмэгдэж буй нөлөөллийн ирээдүйн өрсөлдөгч гэж хэдийнээ харах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт энэтхэгчүүдэд үндэсний баярыг нь тохиолдуулан баяр хүргээд, АНУ, Энэтхэг нь ирэх жилүүдэд дэлхийн хэмжээнд тулгарах сорилтуудыг шийдвэрлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах “зайлшгүй чухал түншүүд” гэдгийг онцолжээ.
Э.Хулан
эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: