Одоогийн шоронгийн атаманууд баячуудын хүүхдийг түшиж, шоронг мөнгөөр удирдаж байна

7ef605fc8dba5425d6965fbd4c8fbe1f“Буурал” Бямбаа гэгч эр өдгөө 57 настай. Тэрбээр амьдралынхаа тэн хагасыг буюу 23 жил торон хашаатай, буудай цэргийн хараа хяналтан дор эрх чөлөөгөө хасуулан амьдарчээ. Тэрбээр жирийн дэглэмтэй Хархорин, Мөнгөнморьтоос өгсүүлээд Мааньт, Зүүнхараа, Дарьт, Багануурын чангын шоронг дамжсан цуутай эр ажээ. Ингээд түүний яриаг хүргэе.

-Ярилцлагаа хүүхэд байх наснаасаа эхлэх үү?

-Миний унасан газар угаасан ус бол яалт ч үгүй Төмөрзамын шар байр. Би Төмөрзамын 51 дүгээр сургуульд сурч байхдаа сагсны “Солгой” Дангаа багшийн шавь байлаа. Сагс хөөрхөн тоглоно, дээр нь боксын секцэнд орлоо. Ерөнхийдөө наймдугаар ангиа төгстлөө бусдын адил эцэг эхийн хайрыг татсан, гэр бүлтэй, дунд сурлагатай, спортоор хичээллдэг тийм л хүү байсан юм. Наймдугаар анги төгстөл миний амьдралын хамгийн сайхан үе дууссан даа. Есдүгээр ангид орсон жил аав, ээж хоёр маань байнга хэрэлдэж, хэлцээд удалгүй салж, ээж маань Хүрэлтогоо гэгч эртэй суусан. Миний хойд аав архи их уудаг, уухаараа араншин муутай, агсам зантай. Ээжийгээ өмөөрч хойд аавтайгаа хэд хэдэн удаа зодолдож, арга буюу гэрээсээ дайжсан. Ээжийн маань эх миний эмээ Батсүмбэрт амьдардаг байсан юм. Ингээд би сургуулиа хаяж, эмээ дээр шилжиж ирсэн. Энэ үед л миний амьдрал гуниг харууслаар дүүрч, би буруу зам руу гулгасан даа. Батсүмбэрийн овгор атаман залуус намайг хотын хүүхэд гээд шоглох гэж оролдоно. Үүнийх нь хариуг ч би сайн барьдаг байлаа. Нэг нэгээрээ үзвэл намайг тэд дийлэхгүй, харин гурав, дөрвөөрөө намайг  зодчихно. Гэвч “идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана” гэдгийн үлгэрээр Батсүмбэрийн атаман “Том толгой” Гансүхийг клубийн бүжгэн дээр цус нөжтэй нь хольтол зодоод нэг ёсондоо тэндхийн атаман боллоо. Атаман архи гэдэг зүйл дагадаг юм хойно, ууж, балгах авгай хүүхэн эргүүлэх хоббийтой болж байгаа юм.

-Тэгээд хэзээ нь “аавын” хаалгыг татав даа?

-Намар тариа хураалтын үеэр Батсүмбэрийн төвөөр тэнэж явтал Партизаны хэдэн залуус хүрч ирээд намайг атаман овгор, сайхан зодолддог гээд дайлж цайллаа. Би боксын сексцэнд хоёр жил явсан учраас ямар ч хүнийг цохиход аргашаа биш урагшаа ойчдог байсан юм. Намайг үеийнхэн маань “Удар” Бямбаа гэж өргөмжилж байсан удаатай. Тэгээд нөгөө хэдтэйгээ хэдэн шил архи, жаахан айраг уучихаад гэр лүүгээ алхаж явтал Батсүмбэрт шинээр ирсэн цагдаа “Чи харваас сургуулийн насны хүүхэд байна хар нялхаараа архи ууж болдог юм уу?” гэж томорлоо. Би тэгэхээр нь “Би ТМС-т сурдаг. Одоо хот руу суудлын вагоноор явлаа” гэж худала хэллээ. Тэгтэл нөгөө цагдаа “Битгий солиороод бай. Би чамайг танина. Сургууль дээр чинь очно” гээд бариад авахаар нь түүний эрүүнд ганц цохиод унагачихлаа. Цагдаа тэрийн хадан ойчиход би гүйгээд алга болсон. Маргааш нь нэг тракторчин найзындаа сууж байтал нөгөө цагдаа чинь сэргийлэхийн хоёр хүн дагуулаад бөөн сүр болсон амьтан ороод ирлээ. Би амьхандаа танигдахгүй гэсэн аятай нүдээ жаахан онийлгоод, доод уруулаа хазаад, эрүүгээ сунгаж шаамий болооод зогслоо. Тэгтэл нөгөө надад зодуулсан цагдаа “Энэ байна. Чи муу жулдрай хэчнээн нүдээ онийлгоод миний гараасмултарч чадахгүй шүү!” гэлээ. Ингээд намайг барьж аваад цагдаа зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх нь тэр. Нөгөө надад зодуулсан цагдаа нь Төв аймгийн прокурор Бадамдоржийн төрсөн дүү байж таарлаа. Уг нь бол өөр цагдаа байсан бол ярьж хөөрөөд ялгүй өнгөрчих байсан юм. Гэвч надад ЭХ-ийн 239 дүгээр зүйлийн 2-оор танхайн зүйл ангиар хэрэг үүсгэж, батлан даалтанд ч гаргалгүй шууд Төв аймгийн мөрдөнд шидсэн. Мөрдөнд юугаа ч мэдэхгүй хүүхэд орлоо. Тэгсэн аймгийн мөрдөнд малын хулгайн хэргээр хоригдож байсан “Хар” Дүгэрсүрэн гэгч тавь орчим насны эр намайг мөрдөнгийн атаман овгоруудаас өмөөрч, хамгаалаад “налаад” эхэлсэн. “А” зүйл ангитай юу ч мэдэхгүй амьтан чинь “Энэ яасан сайхан сэтгэлтэй ах вэ. Шоронгоос гарвал ачийг нь хариулна даа” гэсэн шүү юм л бодож байгаа юм чинь. Нэг өдөр Дүгэрсүрэн “Дүү хүү, мөрдөнгөөс оргох боломж байна. Даанч би ганцаардаад байна. Хоёулаа оргох уу?” гэдэг байгаа. Би шууд “Оргохгүй. Ганц цагдаа цохисон хүн шоронд юу л удаа аж” гэж хэллээ. Тэгтэл “Хар” Дүгэрсүрэн “За чи я яагаа ч үгүй байна даа. ах нь чамайг бодвол шорон оронгоор олон жил гэр хийсэн хүн. Төрийн цагдаа зодсон хүн шоронд очоод өөдөлдөггүй юм. Чи яахав шоронд дээд хоёр жил сууна гэж бодож байгаа байх. Бадамдорж прокурор таньдаг овгор, хулгарууддаа чамайг матчихна. Цаадуул чинь чамайг шоронд амархан чад хийлгэнэ” гэж ятгаж эхлэв. Ингээд би насаараа шоронгоор явсан хөгшин хулгайчийн үгэнд ороод Төв аймгийн мөрдөнгөөс оргочихсон. Тэр үед мөрдөнгийн өрөөнүүд их харанхуй байсан юм. Дүгэрсүрэнгийн заавраар би “Хөөе хянагч аа, гэрэл гаргаарай. Манай камерт хоёр хүн зодолдоод байна” гэж хашгирлаа. Төдөлгүй жижүүрийн цагдаа лаа асаагаад манай өрөөг онгойлгоод ороод ирлээ. Энэ үед би үсэрч очоод нөгөө хянагчийг араас нь боогоод унагчихсан. Тэгээд хянагчийн хувцсыг гялс өмсөөд Дүгэрсүрэнг камераас туугаад гарсан. Шалган дээр очоод би буруу харж байгаад “Энэ хулгайчаар би жаахан ажил хийлгэчихээд хоёр цагийн дараа аваад ирье” гэж хоолойгоо бүдүүрүүлэн хэлбэл үүдний харуул анзаарсангүй бид хоёр гаргачихав. Ингээд бид хоёр Төв аймгийн мөрдөнгөөс шөнө гараад ачааны машины тэвшин дээр нуугдан хотод хөл тавьсан. Хотод “Хар” Дүгэрсүрэнгийн холын хамаатныд Яармагт толгой хорогдож байгаад сарын дараа бид хоёр баригдсан. Ингээд миний хувьд цагдаа зодсон танхайн хэрэг дээрээ мөрдөнгөөс оргосон 2 жил нэмэгдээд 5 жилийн ялтай Мөнгөнморьтын шоронд очсон.

-Та тэр цагаасаа хойш шоронд завсаргүй 20 жил суусан уу?

-Үгүй. Би энэ хэрэгтээ 4 жил биеэрээ суугаад 22 настай, шижигнэсэн сайхан залуу шоронгоос суллагдаж байлаа. Энэ үед аав маань өөд болоод ээж, хойд аав хоёр дээрээ амьдрахаар ирсэн. Намайг багад минь дээрэлхээд дарамтлах маягтай сууж байсан Хүрэлтогоо намайг хараад л “амьтан” болж байгаа юм. Би хоёр жил Төмөрзамд замчин хийж хүн шиг амьдрах гэж үзсэн. Зодоон цохион, архины асуудлаас болоод ажлаасаа халагдсан. Эргээд орон шоронд нөхөрлөж явсан хүнд гаруудтайгаа нийлсэн дээ. Тэр үед надтай Мөнгөнморьтын шоронд гал хам явсан Сүүбий гэдэг орон байрны хулгайч манайд хэсэг цуг амьдарсан юм. Сүүбий бол ёстой нэг сүйхээтэй хулгайч байсан. Төмөрзамд амьдарч байсан орос мэргэжилтэн айлуудыг ухна. Хулгайлсан эд хогшлоо манай нэг өрөөнд хураачихна. Тэгээд нөгөө хулгайн эд зүйлийг нь бид хар зах, вокзал хавиар зарж тансаглана. Баянгол, Улаанбаатар, Москва ресторанд хооллож, такси хөлөглөн, хотын гоё ганган хүүхнүүдийг дайлж цайлна, бас эдлэнэ. Хамгийн сүүлд Сүүбий  нэг баян орос айлыг дэлбэлчихээд манайд баахан савхин хүрэм, нэхий дээл хураачихлаа. Ухсан айлын эзэн орос нь бас дамын наймаачин эр байсан бололтой. Бидний тооцоогоор хагас сая төгрөгийн бараа, бэлнээр 15 мянган төгрөг байсан гээд бод. Тэгээд тансаглаж амжаагүй байхдаа л цагдаад баригдсан. Одоо бодоход хойд эцэг л биднийг хорооны цагдаад гөрчихсөн юм билээ. Энэ хэрэгтээ бид хоёр 7 жилийн ял аваад Зүүнхараагийн шоронгийн босгыг давсан даа. Энэ үеэс миний шоронгийн амьдрал эхэлсэн гэхэд болно.

-Та хэдэн удаа шүүх хурлаар орсон бэ?

-За нийт есөн удаа шүүх хурал хийлгэсэн байдаг юм. Түүнээс биеэрээ 6 удаа ял эдэлсэн. Хамгийн сүүлд 3 жилийн ял сонсоод Дарьтын шоронд сууж байгаад суллагдлаа. Сүүлдээ бие ч дийлэхээ больсон. Одоо хүн шиг амьдаръя гэж бодож байна. Дээр нь урдын бидэн шиг хулгайч нар нь өндөр настай хулгаруудаа хүндлэхээ больж. Тус тусдаа өөрийнхөө амийг авч явдаг, хөгийн хөгийн хүүхэн шиг зантай хулгайч нар их болсон байна лээ. Дээр нь халхын шоронгийн атаманууд нь баячуудын хүүхдүүдийг түшиж, мөнгөтэй хулгайч нар шоронгоо баздаг болсон байна. Бидний үеийн шоронгийн дэг дэглэм, бичигдээгүй хууль 180 градус өөрчлөгджээ. Хуучин цагт эр бяр, хүч чадал, зориг зүрхээрээ нарсанд дээшээ гардаг байсан бол одоо мөнгө бүхнийг дийлдэг болсон байна лээ. Хөлдүү гуулиан даахгүй хүүхэн царайлсан банди нар шоронд том том дуугарч, хулгайчуудыг захирдаг болчихжээ.

-Шоронд мөнгө дийлж байгаа тухай баримт яриач?

-Хулгайчууд нударгаараа биш муу аргаар нарсанд эрх мэдлийнхээ төлөө тэмцэж байна. Захын нэг нинжаагийн данс руу хэдэн сая төгрөг хийгээд “За хамаа, наад хулгайчийнхаа гуя руу нэг хатгачих. Үсрээд л 6 сар нэмүүлнэ ш дээ” гэж байгаа юм. Эсвэл “Энэ мууг зүйл дуусгачих. Би үр хүүхдүүд чинь нэг өрөө байр, унах машин аваад өгье” гэхэд “Үгүй” гэж хэлэхгүй, үгээгүй ядуу хөгшин хулгайчид шоронд язганаж байна шүү дээ.

-Одоо та юу хийдэг вэ?

-Олон жил шорон оронгоор явсан болохоор надад тогтсон хань ижил гэж алга. Тиймээс үр хүүхэд гэхээр ч юм байхгүй. Яахав минийх гэгддэг нэг хүү Дарханд байдаг юм. Одоо тэр намайг хаана байгааг ч мэдэхгүй, би тэднийг ч мэдэхгүй. Нас ахиад ирэхээр хүнд хань ижил зайлшгүй хэрэгтэй болдог юм байна. Би ноднин жил өөрөөсөө долоо дүү нэг хүүхэнтэй дэр нэгтгэсэн. Зайлуул нөхөр нь жил гаруйн өмнө ковид тусаад өөд болсон юм билээ. Гурван хүүхдэд нь би эцэг болох гээд үзэж тарж явна даа. Эхнэр маань Нарантуул зах дээр жижиг лангуу түрээслэн бичиг хэргийн бараа зардаг юм. Тэр ажилд нь туслаад гүйж байна. Хүн шиг амьдарчих юм сан даа.

http://www.horiotoi.mn/index.php?n=1387


URL: