Солонгосчууд үерт автсан автомашинуудаа устгахыг шаардаж байна

БНСУ-д 80 жилд тохиогоогүй хүчтэй бороо орсоноор Сөүл хотын иргэдэд ноцтой хохирол учраад байгаа. Тэдний дунд баячуудын хороолол буюу Ганнам дүүргийнхэн хамгийн их хохирол амссан гэгдэж байгаа юм.

Үерийн улмаас автозам болон зогсоолд байршуулсан байсан олон машин бүрэн усанд автсан бөгөөд гурав хоногийн өмнөөс тэдгээрийг гаргаж эхлээд байгаа юм.

Одоогоор тансаг зэрэглэлийн, гадаадын 1000 орчим автомашин усанд живж, импортны 5000 гаруй автомашин эвдэрч гэмтжээ. Бодит тооцооллоор 658 тэрбум воны хохирол учирсан гэж үзэж байгаа юм.

Нөгөө талдаа БНСУ-д даатгалын тогтолцоо сайн хөгжсөн тул хүндрэл гарахгүй гэдэгт итгэж, найдаж байгаа аж. Самсунг, Хёндэ, DB, KB зэрэг даатгалын компани 559.8 тэрбум воны хохирол нөхөн барагдуулахаар тооцоолсан байна.

Үүнтэй зэрэгцэн усанд живсэн машинуудыг хуучин автомашины зах дээр гаргах вий гэсэн болгоомжлол их байна. Тиймээс улсын иргэд гадаад руу экспортлохыг ч эсэргүүцэн шууд устгалд оруулах хууль санаачлахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлжээ.


URL: