Латвийн парламент ОХУ-ыг “терроризмыг ивээн тэтгэгч улс”-аар зарлалаа

712-166026583862f5a77538521РИГА. /euronews/. Латви улсын парламент пүрэв гарагт ОХУ-ыг “терроризмыг ивээн тэтгэгч улс” гэж албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

“Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд энгийн ард түмний эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа нь терроризм бөгөөд ОХУ нь өөрөө терроризмыг ивээн тэтгэгч улс юм” гэж Сейм буюу тус улсын парламентын гишүүдийн мэдэгдэлд дурдсан байна.
Латвийн парламентын гишүүд мөн ОХУ, Беларусийн иргэдэд виз олгохоо нэн даруй зогсоохыг Европын Холбооны орнуудад уриалсан байна.
ОХУ-ын Төрийн Дум “Латвийн парламентын шийдвэрийн дараа эдийн засаг, улс төрийн хамгийн хатуу хариу арга хэмжээг авахаа” мэдэгдсэн байна. Латвийн эрх баригчдын энэхүү алхам нь олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрэмд заасан улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг зөрчиж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мөн мэдэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэ долоо хоногт Ригад айлчилсан юм. Тэрбээр мэдэгдэхдээ, НАТО болон АНУ Балтын тэнгисийн орнуудад батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд нь тусална гэжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: