У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр төрийн толгойд гарснаас хойш ГАДААД ХАРИЛЦАА ГАЦААНД ОРСОН ТҮҮХ
У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүн болсноос хойш Монгол Улс гадаад харилцаандаа жижигдэж байна даа. Гаднын төрийн тэргүүнүүд ч үзэгдэхээ больж, тоож ирсэн хэдэн дарга нар нь нүүр нүдгүй “загнаж” байгаад л явах юм.
-МОНГОЛ УЛС ГАДААДАД ГАРЦГҮЙ БОЛОХ НЬ-
Өнгө өнгийн дээлээр гангарч, гайхуулдаг Гадаад харилцааны сайдаас эхлүүлээд Харвардын боловсролтой Ерөнхий сайд маань ч гадаад харилцаанд жижигдэж байна. Төрийн тэргүүн маань нэг удаа л Монгол Улсаа төлөөлж, хойд хөрш рүү албан айлчлал хийж байв. Гэхдээ урьд урьдын төрийн тэргүүнүүдийн айлчлал шиг ач холбогдол байгаагүй, улиг болсон хийн хоолойг төслийн хүрээнд хэд хэдэн зүйл яриад, цүнхээ “чирээд” л ирсэн гэдэг.
Харин одоо бодоход түүний өмнөх төрийн тэргүүд гадаад харилцааг арай илүүтэй чухалчилдаг байж. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ руу айлчлаад их өрийг тэглэж байлаа. Түүнээс хойш Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ази-Европын 51 орны төр, засгийн тэргүүнийг Монголд нэгтгэн уулзуулж байсан даа. Х.Баттулга ч Ерөнхийлөгч байх хугацаандаа хоёр хөршийнхөө төрийн тэргүүний арга эвийг олчихоод хаа нэг Монголдоо хүлээж аваад сууж байсан санагдах юм. Харин У.Хүрэлсүхийн үед тийм горьдлого ч алга.
Бүр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг гарснаас хойш хоёр хөршийн маань хандлага, харилцаа улам л хүйтэн болоод явчихлаа. Сав л хийвэл хил, гаалийн асуудал, шатахууны үнэд дарамтлуулсаар таарах аж.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өмнө нь ирэхдээ Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруйгаар “Монгол Улсад 280 тэрбум төгрөг өгнө, Хэл бичгийн асуудалд чимээгүй байгаарай, эс бөгөөс нүүрс авахгүй байж чадна шүү” гэсэн санааг хэлүүлж, айлчлалынхаа гол зорилгыг танилцуулж, их л “баавартай” Монголд газардаж байв шүү. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тусгай онгоцоор газардахад нь Монголын талын төлөөлөгчид хамаг л өнгөтэй өөдтэйгөө барьж, “дүүриймаа”-гаар хадаг, мөнгөн аятай сүү өгүүлсэн ч, Ван И “бэрс” сүү уухгүй гээд их ярвайсхийгээд гараа зангаж өнгөрсөн дөө.
Түүнээс хойш ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга гээд нэг хүүхэн ирлээ. Манай төрийн түшээд ч юухан ийхнээ барьж, найрамдалт харилцаандаа сэв суулгах вий гэхдээ урдуур, хойгуур нь “бөхөлзөж” их гүйсэн сэн. Гэтэл өнөө Виктория Абрамченко чинь төрийн түшээдийг маань эгнүүлж суулгаж байгаад “Танай улсыг УЦС барихыг зөвшөөрөхгүй, оронд нь эрчим хүчээр хангаад өгье” гээд нүүр нүдгүй загнаж, их гүрний сүрийг үзүүлээд яваад өгсөн.
Өмнө нь Монгол Улсад айлчлахдаа жийнсэн өмдтэй газардаж, “томорч” байсан Сергей Лавров өнгөрсөн сард гашуун түүхээ золтой л дахиад давтчихсангүй. Гэсэн ч Украин руу довтолсноосоо болоод дэлхийн “ад” болж байсан “ОХУ-д Монгол гэдэг дүү байдаг шүү” гэсэн шиг геополитикийн хурцадмал үед манайхаар дайрч гараад үггүй сануулга өгч, төрийн түшээдийн “хоолойд хутга” тулгаад явж байна. Энэ зэргээр тоож ирсэн хэд нь манай том том дарга нарын эгнүүлээд нүүр нүдгүй загнаад байхаар гадаад харилцаатай Монгол гэж олон улсад танигдах эсэх нь юу л бол доо.
Нэгэн цагт гаднын хамаг л нөлөөтэй төрийн тэргүүд чуулж, айлчилж байсан Монгол маань У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн үед гадаадад нэргүй болж гүйцлээ. Гадаад харилцаанд ганцаардаж байна даа, Монгол Улс.
https://ergelt.mn/news/44/single/23893
URL: