Няцашгүй, цуцашгүй Ё.Басхүү
Монголын жүдо бөхийн 60, 66 кг-ын жингийн бөхчүүд дэлхийд данстай. Энэ жинд Монголоос дэлхийн аваргууд, олимпын медальтан бөхчүүд төрөн гарсан билээ. Тийм ч учраас спорт сонирхогчид олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ хоёр жингийн бөхчүүдэд илүүтэйгээр найдлага хүлээлгэн , чих тавин, сэтгэл догдлон хүлээж суудаг.
Манай улсын 66 кг-ын жингийн дотоодын өрсөлдөөн ширүүн, тэр өрсөлдөөнөөс гарч ирэх амаргүй. Нэгэн үе дэлхийн аварга Х.Цагаанбаатарын амжилтыг давтан, залгамжлагч нь гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг хэмээн хүлээн зөвшөөрч байлаа. Дэлхийн цом, гранпри, Их дуулга, Ази тивийн аварга, Азийн наадмын аварга гээд Д.Төмөрхүлэг бүгдэд нь шахуу түрүүлсэн. Харин олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр “Жаахан аз, ёндоо” дутаад байв. Д.Төмөрхүлэг мастерын дутууг гүйцээж, дундуур амжилтыг нь дүүргэж яваа бөх бол яах аргагүй няцашгүй, цуцашгүй, дундаршгүй, дуусашгүй, дайчин шаргуу бөх дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү юм.
Ё.Басхүү жүдо бөхөөр хожуу хичээллэж эхэлсэн гэдэг. Түүний анхны багш Завхан аймгийн Нөмрөг сумын багш Батцэрэн юм билээ. Харин хотод ирэх үед нь Монгол Улсын гарди М.Баяржавхлан, Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшид шавь болгон өгчээ. Түүний дараа “Женко” клуб руу шилжсэн гэдэг. Би Ё.Басхүүтэй танилцаж байсан түүхээ эргэн дурслаа. Жүдо бөхийн 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод болов. Ё.Басхүү 66 кг-д хүрэл медаль хүртэж, ОУХМ Г.Хэрлэн түрүүлсэн юм. Улсын аваргын тэмцээн дуусаад Улаанбаатар руу буцах гэтэл “Ковид-19” Монголд гарчихжээ. Амны хаалтгүй хүмүүсийг галт тэргэнд суулгахгүй байв. Эрдэнэтийн бүх эмийн сангуудын амны хаалт дуусчихжээ. Гэтэл ашгүй МЖБХ-ынхон бүх тамирчин, дасгалжуулагч нартаа амны хаалт тараан өгч билээ. Галт тэрэгний буудал дээр 30-40 минут гал тэрэг хүлээж суух үедээ Ё.Басхүү мастертай танилцсан юм. Тэрбээр энгийн эгэл даруухан хүү байв. Бид тэмцээн уралдааны талаар ойр, зуурын зүйл ярилцсан. Би түүнээс улсын аваргад түрүүлэх боломж байсангүй юу гэхэд Ё.Басхүү мастер “Ахаа манай дотоодын өрсөлдөөн үнэхээр ширүүн. Надад бараг монголоосоо илүү гадаадын бөхчүүдтэй барилдах нь амар санагддаг” гэж билээ.
Үнэхээр түүний хэлсэн яах аргагүй үнэн. Гадны жүдочидтой хамгийн сайн барилддаг бөх гэвэл маргаангүй түүнийг хэлнэ. Ё.Басхүүгийн хоёр шуунаас хэтэрч барьц авах гэж гаднын бөхчүүд цуцдаг. Жингийнхээ ихэнх бөхчүүдийг нөмөрч, хумьж, базан барилдана. Японы алдар бөх олимп, дэлхийн аварга Хифүми Абе, дэлхий аварга Жоширо Маруяама, Өмнөд Солонгосын дэлхийн аварга Ан Баул нарыг хамгийн их хямрааж, цуцаадаг нь тэр. Түүний няцашгүй, цуцашгүй тэмцэж барилддаг чанар нь гадны бөхчүүд их дарамттай байгаа харагддаг. Гадаадын 66 кг-ын олимп, дэлхийн медальтнууд ганцхан Ё.Басхүүтэй барилдахдаа жийрхэж, халирдаг юм. Ё.Басхүү Ан Баул аваргыг хоёр ч удаа, тэр тусмаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Парисын дуулга тэмцээн дээр буулгаж аваад байгаа. Харин Жоширо Маруяама, Хифүми Абе аваргатай цаг сунгаж барилдаад хожигдсон. Гадны шүүгчид манай жүдочдод их халгаатай, хатуу шүүж харагддаг. Шүүгчдийн буруу шүүлт, торгуулийн заалтаас болж Ё.Басхүүгийн барилдааны тактик өөрчлөгдөн ялалт авчих боломжтой олон барилдаанд хожигдол хүлээж байв. Өнгөрсөн Токиогийн олимпын наадамд 2021 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн бөх Мануэль Ломбардоог цэвэр шидсэн ч, шүүгчид Ё.Басхүүг мэх хийх үедээ өмдөнд гар нь шүргэж хүрсэн байна гэдэг шалтгаанаар торгож харамсалтайгаар ялагдал хүлээлгэсэн.
Гэхдээ тэр олимпын өмнө Унгарын Будапештын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж аль хэдийнэ дэлхийд данстай жүдочин болчихсон байв. Түүний өмнөх жилийн Токиогийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Молдавын Денис Вьерүтэй барилдан хожигдож, тавдугаар байрт шалгарсан. Ё.Басхүү хэсгийн барилдаанд Ан Баул, Хифүми Абетай цаг сунгасан хүнд барилдаан хийж цуцсан нь Денис Вьерүд ялах боломжийг гаргаад өгчихсөн билээ.
Ё.Басхүү анх 2017 оны Хөх хотын гранпригээс хүрэл медаль хүртэж олонд танигдан гарч ирсэн. Хөх хотын гран пригийн нэгдүгээр тойрогт ДАШТ-ий хүрэл медальтай, Европын анхдугаар наадмын аварга ОХУ-ын Камал Хан Магомедовтой учраа таарсан. Түүний юм болгосонгүй баруун талдаа тохоод ялав. Тэр ялалт түүний сэтгэл зүйд сайнаар нөлөөлсөн байх.
Хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг нэмэлт цагт вазаригаар ялсан юм. Харин хагас шигшээд, ОХУ-ын Якуб Шамыловт ялагдсан. Хүрэл медалийн төлөө ДАШТ-ийн хүрэл медальтай Японы Кенго Такаичитай барилдсан. Японы бөх хэсгийн барилдаан дээр гавьяат Д.Алтансүхэд ялагдчихсан байв. Ё.Басхүүг татамид гарах үед нь Д.Алтансүх “Наадах чинь лав барилдаанд муу юм билээ. Чи зүгээр лав золгоод сайхан барилдчих” хэмээн захисан гэдэг. Жингийнхээ ахын захиж хэлсний дагуу барилдааны төгсгөлд лав золгож дайраад л ялжээ.
Энэ тэмцээний дараа Ё.Басхүү Недарландын Хаагийн гранприд түрүүлж амжилт, нэр алдраа дэлхийд баталгаажуулсан юм. Хаагийн гран пригийн эхний тойрогт Испанийн Уриартээг, дараагийн тойрогт эзэн орон Недерландын Втан ван дер Верффийг ялав. Хэсгийн аваргын төлөө Иранын Гассем Ноуризадехийг цэвэр буулгасан. Харин аваргын төлөөх барилдаанд Хөх хотын гранприд хожигдсон ОХУ-ын Якуб Шамыловыг цэвэр буулган нэгэн гайхалтай ялалтыг харуулж түрүүлсэн билээ.
Ё.Басхүү 2022 оны УАШТ-ээс мөн л хүрэл медаль хүртэв. Харин бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Парисийн 2022 оны их дуулгын аваргын төлөө Өмнөд Солонгосын дэлхийн аварга, олимп, дэлхийн хүрэл медальт Ан Баулыг ялж алтан медаль хүртсэн. Парис, Токиогийн их дуулгаас медаль хүртсэн тамирчин олимп, дэлхийгээс медаль хүртдэг билээ. Ё.Басхүү Парист азаар түрүүлээгүй юм шүү гэдгээ батлан харуулах шиг энэ жилийн Ази тивийн аваргад анх удаа түрүүллээ. Тэрбээр Нурсултан 2022 Азийн аваргын нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялт авч, дөрөвний нэг шигшээд АНЭУ-ын Гурам Завашвилиг вазаригаар, хагас шигшээд Узбекистаны Мухриддин Тилововыг хожсон. Улмаар финалд Японы Рёома Танакатай таарсан. Цагийн эхэнд вазари үнэлгээ алдан хожигдож явсан хэдий ч цагийн төгсгөлд алдарт шахаж татах мэхээрээ Рёома Танакаг цэвэр шидэж, Азийн аварга гэх эрхэм хүндтэй цолны эзэн болсон. Түүний амжилт, ялалт үүгээр зогсохгүй үргэлжинэ. Ирэх сард Узбекистанд болох ДАШТ-д амжилттай оролцох нь дамжиггүй биз ээ.
https://ergelt.mn/news/105/single/24001
URL: