Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Д.Трампын эдлэнг нэгжжээ

 712-166001576662f1c97876f16НЬЮ-ЙОРК. /TASS/. Даваа гарагт Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ ажилтнууд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Флорида муж улс дахь Мар-а-Лаго эдлэнд нэгжлэг хийжээ.  ХМТ-ны ажилтнууд нэгжлэг хийх үеэрээ төрийн тэргүүний албыг орхихдоо Д.Трампын Цагаан ордноос авч явсан баримт бичгийг хайсан байж магадгүй гэж “The New York Times” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.

Сонинд тэмдэглэснээр, “маш олон хуудас нууц баримт бичиг бүхий хайрцгуудын тухай яригдаж байгаа аж. Баримт бичгүүд нь чухам ямар асуудалтай холбоотой болохыг тус сонинд тодорхой дурдаагүй байна.
Д.Трампын эдлэнд нэгжлэг хийсэн тухай “The New York Times” сониноос гадна CNN телевиз мөн гурван эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Тус телевизээр мэдээлснээр, ХМТ-ны ажилтнууд Трампын ажлын өрөө, амьдардаг байшангуудад голчлон нэгжлэг хийсэн байна.
ХМТ-ны ажилтнууд түүний эдлэн газарт үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэж Д.Трамп өчигдөр мэдэгдсэн ч нэгжлэгийг өглөө хийснийг “The New York Times” сонинд тэмдэглэжээ. Нэгжлэг хийх үеэр Д.Трамп эдлэндээ байгаагүй байна.  ХМТ АНУ-ын Ерөнхийлөгч асны эзэмшил газрыг нэгжсэн нь хууль сахиулах байгууллагуудад түүнд хэрэг үүсгэх хангалттай үндэслэл бий гэсэн үг биш юм гэдгийг “The New York Times” сонин тодруулжээ. Үүний зэрэгцээ эх сурвалжуудаас эш татан “Fox News” сувгаар мэдээлснээр, ХМТ-ны ажилтнууд хэд хэдэн хайрцаг эд зүйл хураан авчээ.
Хайрцагнууд дотор юу байгаа нь тодорхойгүй хэвээр байна. 2022 оны нэгдүгээр сард АНУ-ын Үндэсний архив, албан хэрэг хөтлөлтийн алба (NARA) Цагаан ордноос эдлэн рүүгээ авч явсан Ерөнхийлөгчийн тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой 15 хайрцаг баримт бичгийг эргүүлэн өгөхийг Д.Трампаас шаардсан байна. Хоёрдугаар сард NARA Америкийн удирдагч асан зарим баримт бичиг нь “нууц” эсвэл “маш нууц” зэрэглэлд хамаарах уг баримт бичгүүдийг хэрхэн ашиглаж байсныг шалгахыг Хууль зүйн яамнаас хүсжээ.
Тухайн үед “The Washington Post” сонинд бичсэнээр, NARA-гийн ажилтнууд Д.Трампыг Засгийн газрын баримт бичиг, тэр дундаа нууц гэж тооцогдох баримт бичгийг ашиглахтай холбоотой АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн байж магадгүй гэж үзжээ.
Харин Д.Трамп мэдэгдэхдээ, энэ асуудлаар NARA-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд “Ерөнхийлөгчийн баримт бичигтэй хайрцгийг тээвэрлэх” ажлыг АНУ-ын хуулийн дагуу зохион байгуулсан гэж онцлон тэмдэглэсэн байна. ХМТ-ны ажилтнууд чухам энэ шалгалттай холбоотой баримт бичгүүдийг хайсан байж магадгүй гэж “The New York Times” сонин мэдээлэв.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: