Гурван эмэгтэйгээс төрсөн 9 хүүхэдтэйгээ баталсан Илон Маск хүн төрөлхтний ирээдүйд санаа зовдгоо дахин илэрхийлэв

gybk9z_elon_musk_x974Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Америкийн тэрбумтан Илон Маск өнгөрсөн Пүрэв гарагт “The Full Send” подкастын ярилцлагад оролцохдоо өөрийгөө гурван эмэгтэйгээс төрсөн нийт 9 хүүхдийн эцэг болохыг баталжээ.

Түүний ууган хүүхэд одоо 29 настай бол отгон нь өнгөрсөн оны сүүлээр мэндэлсэн ихрүүд юм байна.

Энэ ярилцлагадаа тэр хүн төрөлхтний өсөлт буурвал соёл иргэншил устах аюултай тухай сүүлийн үед байнга ярих болсон онолоо дахин ярьжээ.

“Хүн ам өсөхгүй байна. Хүмүүсийн нас улам уртсаж байна. Дэлхийн хүн амын тоо ирээдүйд буурах ганцхан шалтгаан энэ юм” гэж Маск ярьсан байна.

“Хүүхдийн живхний тоог насанд хүрэгчдийн живхний тоотой харьцуулж харах хэрэгтэй. Хүүхдээсээ илүү олон насанд хүрэгч живх хэрэглэдэг улс орныг юу гэж ойлгох вэ?” гэж хэлэхдээ тэр 2011 оноос хойш насанд хүрэгчдийн живхний хэрэглээ нь хүүхдийнхээс даваад байгаа Япон улсыг дурджээ.

SpaceX компани ойрын 5-10 жилд хүмүүсийг Ангараг гарагт хүргэх пуужинг зохион бүтээж чадах тухай Маск өмнө нь ярьж байсан юм.

Гэвч дэлхийн хүн амын бууралт Ангарагт суурьших төлөвлөгөөнд нь саад болж болзошгүйг тэр хэлж байжээ.

Гэхдээ Маскийн ярьж буй онол олон судлаачдын хүн төрөлхтний ирээдүйн талаар төсөөлөлтэй зөрчилддөг.

НҮБ саяхан гаргасан тайландаа дэлхийн хүн амыг ирэх 30 жилийн хугацаанд 2 тэрбумаар нэмэгдэж, 2050 онд 9.7 тэрбум хүрэх тооцоог үзүүлсэн юм.

Эх сурвалж: Business Insider


URL: