Б.Жавхлан: “Чингис” бондын эх үүсвэрээр төсөл санхүүжүүлснээс 50 хувь нь чанаргүй зээл болсон

3-27Засгийн газрын ээлжит хуралдаанаар олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтуудыг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой ямар ч дефолтод орох нөхцөл байдал үүсээгүй гэж Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлалаа.

2012 оноос хойш Монгол Улс олон улсын зах зээлд долоон удаагийн бонд гаргаснаас 2012-2016 онд 2.2 тэрбум ам.долларын бонд нь төсөл арга хэмжээ санхүүжүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай байсан байна. Харин 2016-2021 онд гарсан дөрвөн бондын гурван тэрбум ам.долларын эх үүсвэрээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлжээ.

Мөн хамгийн анх гарсан “Чингис” бондын хөрөнгийн 50 хувь нь Хөгжлийн банканд чанаргүй зээлийн ангилалд шилжээд байгааг Сангийн сайд тодотголоо. Тиймээс өрийн хэмжээнээс илүү өрийн зарцуулалтад анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа онцлов.

Сангийн сайд Б.Жавхлан
“Анх гаргасан бондуудын зарцуулалт эдийн засгийн үр өгөөжгүй, валютын нөөцийг нэмэгдүүлж чадаагүй тул дараагийн өр тавьж төлөхөөс өөр аргагүй. Зээлжих зэрэглэлийг үнэлдэг агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бүгд өмнөх жилийнхэд хэвээр үлдээсэн нь манай улс зээлийн өрийн менежментийг хэрхэн сайн хийснийг харуулж байгаа. Мөн манай бондуудын өгөөж хөрөнгийн зах зээлд ижил үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн сайн байгаа.
Гадаад бондын зарцуулалтыг шалгах Ажлын хэсэг “Чингис” бондын бүх өр төлбөрийг, хаана яаж санхүүжүүлж, өнөөдөр ямар эрсдэл бий болгосныг ил тод гаргах болно. 1.5 тэрбум ам.долларын 50 гаруй хувь нь өнөөдөр Хөгжлийн банк дээр чанаргүй зээл болсон байгаа” гэж мэдэгдлээ.

З.Энхболор

Bloomberg Tv


URL: