Дорноговь аймгийн нутагт хүчтэй шороон шуурганаар 19 ГЭР НУРЖЭЭ

5ea97b0549e98

Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд өчигдөр 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурганаар олон тооны гэр нурж, мөндөрт хоёр автомашины шил хагарсан байна.

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр хүчтэй шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн дугаар ангийн заставын 5 ханатай дөрвөн гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрчээ.

Мөн өчигдөр Увс аймгийн төв Улаангомд 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нэг айлын байшин уруйн үерийн усанд автжээ.

Цаг агаарын төлөв байдал:

Наймдугаар сарын 3-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-ний төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, 5-ны өдөр нутгийн зарим газраар, 6-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 34-39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.  Наймдугаар сарын 5-ны өдөр нутгийн баруун хойд хэсгээр, 6-ны өдөр ихэнх нутгаар сэрүүснэ.


URL: