-САНГИЙН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГ, САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ГАНБАТ НАР ХУД УРАГ-
Хэнтий аймаг руу хамаг төсөв урсаж, Бэрх гэх буйдхан тосгонд нь хүртэл музей баригдаж байгааг шүүмжилсээр төсвийн жилийн талаас илүүг туулчихлаа. Эцэст нь “Төрийн тэргүүн Хэнтийнх, Ерөнхий сайд ч Хэнтийнх учраас арга ч үгүй биз” хэмээн хүлцэж, хүлээн зөвшөөрцгөөсөн. Тэгвэл хүлцэж, хүлээн зөвшөөрч боломгүй нэгэн баримтыг хүргэж байна. Тодруулбал, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Хэнтий аймгийн бэр ажээ. Тэгээд болоогүй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат мөн Хэнтий аймгийн уугуул бөгөөд тэд нэг ургийн модны хоёр мөчир ажээ. Өөрөөр хэлбэл, тэд худ ургийн хүмүүс болж таарч байна. Цаашилбал, тэдний ургийн модонд Монголбанкны салбар хариуцсан хоёр захирал ч багтаж байна.
ТАНИЛЦ: САНГИЙН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГИЙН ТӨРД ТУШААЛ ДЭВШСЭН ХАМААТНУУД
- Төрсөн ах С.Гансэлэм нь 2016-2019 онд Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажилласан. Засаг дарга байх хугацаандаа ЗДТГ-ын байрныхаа зоорийн давхарт караоке ажиллуулсан, орлогчоо зодож гарыг нь хугалсан зэрэг дуулиануудад нэр холбогдож байсан.
- Төрсөн ах С.Гансэлэмийнх нь эхнэр Адъяажавын Ганчимэг нь Монголбанкны Говь-Алтай аймаг дахь салбарын захирлаар томилогдсон.
- Төрсөн ах С.Ганболдынх нь том охин Г.Элбэгзаяа нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэргэжилтэн болсон. Мэргэжилтэн хэдий ч 2.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, 15 авто зогсоолтой гэж ХОМ-ээ мэдүүлжээ.
- С.Ганболдын дунд охин Г.Ариунзаяа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажилладаг.
- Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн нөхөр Дэрийлаагийн Бат-Эрдэнэ нь Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн даргаар томилогдсон. Өмнө нь Татварын ерөнхий газарт улсын байцаагчаар ажиллаж байсан.
- Нөхрийнх нь ах Дэрийлаагийн Батболд Нийслэлийн хот тохижилтын газрын орлогч дарга, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон. Тэрбээр өмнө нь Хэнтий аймгийн МХГ-т тасгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн бие төлөөлөгч болж, улмаар 2016-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.
- Нөхрийнх нь эгч Дэрийлаагийн Болортунгалаг Хаан банкны Хэнтий аймаг дахь салбарт эдийн засагч хийж байгаад 2020 оноос Монголбанкны Хэнтий аймаг дахь салбарын захирал болж дэвшсэн.
ТАЙЛБАР: МОНГОЛБАНКНЫ АЙМАГ ХАРИУЦСАН ЗАХИРЛУУД БУЮУ САНГИЙН ДЭД САЙД С.МӨНГӨНЧИМЭГИЙН ТӨРСӨН АХЫНХ НЬ ЭХНЭР А.ГАНЧИМЭГ, НӨХРИЙНХ НЬ ТӨРСӨН ЭГЧ Д.БОЛОРТУНГАЛАГ
- Д.Болортунгалагийн нөхөр Жигжидийн Ганбаатар нь Хэнтий аймгийн ЗДТГ-ын Тамгын газрын даргаар ажилладаг.
- Ж.Ганбаатарын охин Г.Энхжин ТЕГ-т татварын улсын байцаагчаар ажилладаг.
- Ж.Ганбаатарын дүү Жигжидын Ганбат нь Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаад өнгөрөгч нэгдүгээр сард Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшсэн.
- Ж.Ганбаатарын бага дүү Жигжидын Ган-Эрдэнэ Боловсролын үнэлгээний төвийн захирлаар ажиллаж байгаад хэлтсийн дарга болсон. Гэтэл Ж.Ган-Эрдэнэ нь эхнэр Б.Сэндмаатайгаа хамтран эзэмшдэг “Майтеч” ХХК-иараа сурагчдад таблет, компьютер, программ, сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерүүдэд шалгардаг. Тэгээд болоогүй төрсөн ах Ж.Ганбаатарынхаа даргаар нь ажилладаг Хэнтий аймгийн ЗДТГ-ын тендерүүдэд нь шалгарч, тоног төхөөрөмж нийлүүлдэг. 2022 онд л гэхэд Хэнтий аймгийн ЗДТГ-т 100 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт шалгарсан байна.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгийн хувьд 2015 он хүртэл УИХ-ын гишүүн асан, одоогийн ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын туслахаар ажиллаж ирсэн. Улмаар НАМЗХ-ны Нарийн бичгийн даргаар нэг жил ажиллаад 2016 оны зургадугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар томилогдож, тэгмэгцээ 2020 оноос Сангийн дэд сайд огцом дэвшсэн нэгэн. Тэгвэл туслахаас төрийн сайд болсон тун нимгэн намтартай түүний улс төр дахь холбоо хамаарал нь өдрөөс өдөрт өргөжиж байгаа ажээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
https://ergelt.mn/news/22/single/23667