БНХАУ-ын шинэ удирдагч хэн болох вэ

76fff912e67d28d1eb1d4fe173d32fd9Засан хүмүүжүүлэх газарт хоригдож, “бөөсөндөө” баригдсан хөнжил нөмөрч байсан гэх “уярам” түүхтэй урд хөршийн удирдагчийг “шүүх” цаг дөхжээ. 10 орчим жилийн хугацаанд БНХАУ-ын удирдагчаар ажиллаж байгаа Ши Жиньпинийг албан тушаалаасаа “огцорч магадгүй” гэх мэдээлэл сүүлийн сар гаруйн хугацаанд цахим сүлжээгээр тархаж байна. Ирэх намар болох БНХАУ-ын Коммунист намын XX их хурлаар Шиг албан тушаалаас нь татан буулгаж болзошгүй талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

-УДИРДАГЧ ШИ ЖИНЬПИН ОГЦОРЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ВАН ЧИШАН ЗАСГИЙН ЭРХИЙГ АВНА ГЭВ-

2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Коммунист намын XX их хурал болно. Тус бүгд хуралд хэлэлцэх асуудлуудаас удирдагч Шиг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар үлдээх тухай асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Үндсэндээ энэ жил урд хөршийн хувьд Ши Жиньпин БНХАУ-ын удирдагч хэвээр үлдэх үгүйг шийдэх чухал ач холбогдолтой болж байгаа юм.

БНХАУ-ын удирдагч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа үедээ АНУ-тай таарамжгүй харилцаатай байснаас гадна, цар тахлын цаг үед үр дүнтэй арга хэмжээ авч, хэрэгжүүлээгүй гэх зэрэг шалтгаанаар Ши Жиньпинийг засгийн эрхээс унагаах шалтаг бий аж. Дэлхий дахинд цар тахлын тархалт буурч, бүх нийтийн вакцинжуулалт үр дүнгээ үзүүлж байгаа энэ үед урд хөршид “Ковид-19” цар тахлын шинэ давлагаа эхэлж, дахин хатуу хөл хорио тогтоосны улмаас БНХАУ асар их эдийн засгийн хохирол амсжээ. Харин үүний хариуцлагыг Ши удирдагч хүлээж болзошгүйг барууны талын хэвлэлүүд онцолсон байна.

                 Дэлхийн маш олон улс БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин болон Коммунист нам дотроо талцаж, хуваагдсан гэж үздэг. Тэгвэл АНУ-тай таарамжгүй харилцаатай байдал, цар тахал дотоодод тархсан зэрэг үй олон асуудлын “буруутан” болсон Шиг ирэх намар болох намын их хурлаас буулгаж, одоогийн БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Чишан засгийн эрхийг авна гэж барууны томоохон хэвлэлүүд таамаг дэвшүүлсэн байна.

Хятадын улстөрийн анхдагчдын нэг Ши Жоншюны гэрт төрж, “Соёлын хувьсгал”-ын хэлмэгдүүлэлтэд өртөж, “бөөсөндөө” баригдсан хөнжил нөмөрч, 16 настай засан хүмүүжүүлэх газар хоригдсон түүхтэй Ши Жиньпинийг ард түмэн нь “хамгийн агуу удирдагч” гэж үзэж, дэвшүүлсэн асуудалд нь 100 хувийн санал өгдөг. Улсын 800 сая гаруй иргэнийг ажилгүйдэл, ядуурлаас аварсан Шиг Хятадын удирдагч агсан Дэн Сяопинээс хойших хамгийн том удирдагч гэдэг. Тэгвэл Шигээс өмнөх “агуу” удирдагч байсан, Хятадын “Шинэчлэлийн эцэг” гэгддэг Дэн Сяопины номлолд “Удирдагч хүн 10 жил ажиллаад албаа өгөх ёстой” гэж заасан байдаг аж.

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ЭРХИЙГ АВНА ГЭГДЭЖ БУЙ ВАН ЧИШАН ГЭЖ ХЭН БЭ

2012 онд Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, ердөө жилийн дараа БНХАУ-ын удирдагчаар батламжлагдсан Ши Жиньпин орон даяар авлига, хээл хахуулийг арчихаа мэдэгдсэн. Тэгэхдээ Ши авлига, хээл хахуулийн хэрэгтэй нэр холбогдсон дээд, доод албан тушаалтнуудыг “Ялаа болон бар” гэж онцолж байв. Харин удирдагч Ши Жиньпин цохон дурдсан баруудыг “агнуулахаар” тухайн үеийн Бээжин хотын дарга Ван Чишаныг томилсон юм. Түүнээс хойш урд хөршийн нийслэл хотын мээр асан Ван Чишан хүч чадал, эрх мэдэл томрон томорсоор одоо улстөрчдийн “хар дарсан зүүд” болсон гэх нь ч бий.

                 Өдгөө 73 настай БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Ван Чишан 1980-аад оны сүүлээр санхүүгийн салбарт хөлөө олж эхэлснээр түүний карьер эхэлсэн гэж үздэг. Ван Чишан 1994 онд урд хөршийн нэгэн томоохон барилгын компанийн ерөнхийлөгч болж, Гуандун мужийн дэд захирагчид өрсөлдөж ялалтад байгуулжээ. Улмаар Хайнань мужийн Коммунист намын Нарийн бичгийн дарга, Бээжин хотын дарга, БНХАУ-ын Ерөнхий сайд асан Вэнь Зябаогийн дор санхүү, худалдааны асуудал эрхэлсэн дэд ерөнхий сайд, Хятадын Коммунист намын Сахилгын хяналтын төв комиссын Нарийн бичгийн дарга, намын Улстөрийн товчооны байнгын хорооны гишүүнээр ажиллаж байжээ.

-“ХУГАЦААГҮЙ УДИРДАГЧ” БУЮУ ШИ ЖИНЬПИНИЙ ЭРИН ҮРГЭЛЖИЛНЭ-

Дээр дурдсан Ши Жиньпиний өмнөх агуу удирдагч байсан Дэн Сяопин номлолдоо “Коммунист намын гишүүд 68 нас хүрээд залуу үедээ халаагаа өгөх ёстой” гэсэн байдаг. Харин удирдагч Ши Жиньпин 68 настай. Үүнээс Шиг татан буулгах, Ван Чишан засгийн эрхийг авахаас илүүтэй “Шинэчлэлийн эцэг”-ийн номлолоор Ши Жиньпин өөрийн хүсэлтээр огцрох ёстой болох юм. Хэрэв Ши огцорч, Хятадад сонгууль болох болбол Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөө Ерөнхий сайдын орлогч Ху Чунхуа, намын Нарийн бичгийн дарга Чен Миньэр, намын Төв хорооны дарга Дин Шюэсян нарын дунд өрсөлдөөн болох талаар урд хөршийн хэвлэлүүд мэдэгдэж байна.

                 Гэсэн ч дэлхий нийт Ши Жиньпинийг “насан туршийн эрх мэдэлтэй” гэдгийг мартаж болохгүй. 2018 онд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар удирдагч Ши Жиньпинд  бүх насаараа эрх мэдлээ хадгалах боломж олгох хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх талаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Ардын төлөөлөгчдийн их хуралд оролцсон 3000 орчим төлөөлөгч БНХАУ-ын Үндсэн хуулиас Төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааны тухай хуулийг хасахад 100 хувь саналаа өгсөн байдаг. Дээрх Төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааны тухай хуулийг “Шинэчлэлийн эцэг” Дэн Сяопин нь Мао Зэдуны бүх насаараа засаглах дэглэмээс зайлсхийж, Үндсэн хууль тусгасан гэдэг. Түүнчлэн хуулийн төслийг хассанаас гадна “Ши Жиньпиний үзэл санаа”-г Үндсэн хуульд оруулахаар хэлэлцэж, бүрэн дүүрэн дэмжсэн юм.

Өдгөө барууны хэвлэлүүд удирдагч Ши Жиньпинийг хэдийнэ огцорсон мэтээр бичиж байгаа ч, БНХАУ-ын орон нутгийн хэвлэл ирэх намар гурав дахь удаагаа засгийн эрхэнд үлдэх нь “дамжиггүй” болсон Шид “алга ташиж” байна.

https://ergelt.mn/news/86/single/21905


URL: