Украин: Оросын дайны үзэл суртлын машин гацлаа

712-1659325297284084382_2106077062904861_8716538055891167325_n-(1)Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс оросын Дождь телевиз, Пентагоны Real Clear Defense сэтгүүл, Politeka Online сайт болон оросын улстөрч асан Марк Фейгин, Донбассын террорист Гиркин, шинжээч Владимир Фесенко нарын ярьснаас түүвэрлэн oрчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Украины фронт дээр Орос ялагдах тусмаа чанга чанга мэдэгдэл хийдэг, тэр нь ялагдлаа нуух арчаагүй арга ба үнэндээ ялах боломжоо нэгэнт алджээ. Киевийг авна ч гэх шиг Оросын хилээс хол дайсны гүнд ялалт хангах цэрэг, техник, хүч чадал алга болсон, гэхдээ тэгж зарлаж тунхаглаж байх нь Кремлийн суртал нэвтрүүлгийн зорилго аж. Үнэндээ Орос, Украины ард түмний эсрэг, дэлхийн эсрэг мэдээлэл-сэтгэл зүйн дайн Кремль хийж байна. Украин цэргийн форм өмссөн оросын тусгай албаныхны Донбасс дахь аллагыг “геноцид” гэж нэрлэсэн шигээ Украины зэвсэгт хүчин ялагдахгүй байх тусам нэр хүндийг нь гутаах суртал нэвтрүүлгийн улайрсан кампани дэгдээнэ. Еленовка дахь засан хүмүүжүүлэх шоронд азовчуудыг Himars-аар буудаад алчлаа гэсэн нь 2 сарын өмнө оросын тусгай албадын үйлдсэн аллагыг хайцаалах сайхан далим болжээ.
Ийнхүү “3-4-хөн хоногт амжуулна” гэсэн Оросын цэргийн тусгай ажиллагаа 6 дахь сар руугаа орчихлоор утгаа нэгэнт алдсан, хийж буй байлдаан нь ч учир шалтгааны тайлбаргүй, хий дэмий, ихээхэн гарлагатай, хэрүүлтэй үргэлжилж байна. Донецкийн БХЯ-ны сайд явсан нэрт террорист Гиркин Оросын БХЯ, Шойгу руу шууд хандаж ноцтой асуултууд олныг тавих ба нэг ярианд нь өнөөгийн Оросыг III Рейхтэй зүйрлүүлж, “төгсгөл нь адилхан байх болно шүү” хэмээн заналхийлэв.
сонин mn
XXI зуунд Орос өөрийнхөө зэвсгээр, өөрийнхөө хүчээр түрэмгийлэх дайн хийнэ гэж байхгүй боллоо. Зэвсэглэл, зэвсгийн технологиор олон арван жилээр баруунаас хоцорсноо оросууд мэдрэхийн цаагуур мэдэрчээ. Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборууд хав зогслоо. Цаашдаа оросын зэвсэг дэлхийн зэвсгийн зах зээлд борлогдохгүй, худалдан авагч байхгүй, Орост зэвсгийн экспортын орлого гэж огт байхгүй болж таарлаа. Үүнийг нь Украинд үйлдсэн хагас жил орчмын дайн нь харууллаа. Энэтхэг, Филиппин Оросоос худалдан авах зэвсгийн хэлэлцээрээ цуцлав. Араас нь хэдэн ч улс тэгэх юм, тоо өсөх байх.
Путины дайны тактик ийнхүү мухардав. Одоо яах вэ? Одоо юу үлдэв? Европыг бүхэлд нь дайнд автуулна гэсэн аман заналхийлэл, барууныг цөмийн бөмбөгөөр хуйхлана, Британийг аралтай нь живүүлнэ, энэ өвөл Европыг гаазгүй хөлдөөнө гэсэн аман заналхийлэл, Орос, Украин, Европ, барууныг бүхэлд нь айдаст автуулах, байнгын айдастай байлгах гэх мэт арчаагүй арга руу шилжлээ.
Оросын 144 сая ард түмнийг ямар нэгэн дайн байлдаанд сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгахыг зорьж байна.Үзэл суртлын ухуулга олон янз хувирна. Үзэл суртлын машин ажиллахгүй болж байна. Суртал нэвтрүүлгийн асар том машин байна. Украин дахь дайных нь үзэл суртал, номлол явахаа больж байна. Украины нацистуудтай байлдаж байгаа гэснээ бүр хадуураад “шинэ Зөвлөлт Холбоот Улсыг байгуулахын төлөө дайн” хэмээн Шойгу зарлав. Энэ 5 сар юу ч биш, тэгэх дээрээ тулах юм бол 1-р Петр хаан 20 жил дайн хийж Оросын газар нутгийг тэлсэн гэж Путин өөрөө ярив.
“Баруун”-тай, НАТО-той хийх дайн нь явж явж “шинэ Зөвлөлт Холбоот Улсыг байгуулахын төлөө” юм бол Оросын ард түмэн дэмжчихнэ, Донбасс, Крым, Херсон, Харьковын ядаж ахмад настайчууд нь дэмжиж магадгүй гэсэн цөхрөл Кремльд явагдаж байна.
Нэгэнтээ “20 жил” байлдуулахаар уриалж байгаа юм бол энэ нь дотоодын иргэний дайн байх уу, Украинаар бамбай хийсэн “баруун”-тай, НАТО-той хийх сунжирсан дайн уу? Гаднаас учрах дайсан гэхээсээ Оросын дайныг эсэргүүцсэн Оросын ард түмэнтэй хийх дайн, эсвэл тийм дайных нь айдас уу, хэлж мэдэхгүй. Оросын нутаг руу цөмрөн орж дайтах гадны хүч гэвэл Талибан байж болно, өөр дайсныг олж харахгүй байна. Гэтэл Оросын ард түмнийг айлгасаар байх нь Путины садист арга араншингийнх нь илэрхийлэл, эсвэл дэглэмийнх нь тогтож үлдэх баталгаа! Улс төрийн сөрөг хүчин хориглолтод нууц байдалтай байна, гэхдээ орон нутгууд хөвгүүдээ дайнд илгээж алуулахыг саяхнаас эргэцүүлэн бодож, явуулахгүй гэсэн хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Контрактаа цуцлан фронтыг орхисон жижиг үндэстнүүд хэдэн зуугаараа нутагтаа харьжээ. Яаж ч заналхийлж шорoнгоор айлгаад нэмэр алга. Оросын эрх баригчид буюу “Москва”-д хэтэрхий их дарлуулж цэрэгт хөвгүүдээ алдаж, дээр нь байгалийн баялгаа цөлмүүлж, хоёр гуравдугаар сортын “орос иргэн” яваагаа эргэж харах тухай ил далд яриа өрнөхийн сацуу “Оросын эрх чөлөөт ард түмнүүдийн чуулга уулзалт”-аас ОХУ-ыг задлаж, үндэстэн угсаатнаар нь салгасан 20-30 улс буй болгох тухай ч ярилцжээ.
Үнэндээ Украин дахь дайнаас нь болж Орост иргэний үймээн самуун дэгдэх магадлалтай, намрын сүүл сар гэхэд анхны бослого үймээн дэгдэнэ, одоогоор бослого тэмцлээ эхлүүлэх коммуникац алга, гэхдээ намар гэхэд хоорондоо хэл авалцаад, эрх баригчдаас тайлбар шаардаад босоод ирнэ хэмээн Төрийн Думын гишүүн асан Марк Фейгин украины сэтгүүлч Дмитрий Гордонд хэлж байв.
сонин mn
Польшийн Ерөнхийлөгч асан Л.Валенса Оросыг “50 сая хүн амтай” үлдтэл нь хорогдуулах тухай Le Figaro-д ярилцлага өгчээ. Одоо юу хийх ёстойв гэвэл Оросын улс төрийн системийг маш хурдан өөрчлүүлж, эсвэл Орост ард түмний бослого зохион байгуулах хэрэгтэй, Оросыг задлан хуваасны дүнд л глобал аюулгүй байдал хангагдана, өөрөөр байх арга алга гэжээ. Түүний ярьснаар “Баруун” нь ардчиллын замаар, НАТО, ЕХ-гоор дамжуулан өөрийнхөө нөлөөг тэлж өргөжүүлдэг бол Орос нь зөвхөн хүчирхийллийн замаар нөлөөгөө тэлж өргөжүүлдэг. Дэлхий хоёр хэсэгт дахин хуваагдана. Нэг талд нь НАТО-той хамт “Баруун” байна, нөгөө талд нь Орос, Хятад хоёр байна гээд “Орос нь 50 сая хүнтэй байвал болно” хэмээн Валенса ярьжээ.
Орост дотоодын мөргөлдөөн, салан тусгаарлалт нүүрлэн буйг илтгэх олон арван баримт, мэдээлэл сайтуудад явдгаас ганц хоёрхоныг дээр жишээллээ. Ингэхэд Орос Украин дахь дайнаа цааш хэрхэх вэ?
АНУ-ын БХЯ-ны мэдээгээр Орос нь зэвсэгт хүчнийхээ 85%-ийг Украинд зарцуулсан, дайндаа өдөр бүр 400 сая доллар гарздаж байна, маш том хил, хязгаар, бүс нутаг нь хамгаалалтгүй үлдсэн ажээ. Оросын хил хязгаарын 15% хамгаалалтгүй буюу цэрэггүй үлдэв. Орос орон энэ дайны хөлд нэрвэгдсэн нь мэдээж. Эдийн засгийн хоригууд үйлчлээд энэ оны төгсгөл, ирэх он гэхэд хүндхэн давааг оросууд давна. Харин тэр хүнд даваагаа “шинэ Зөвлөлт Холбоот Улсыг байгуулахын төлөө” гэсэн уриан дор цааш үргэлжлүүлэх бололтой. Дэлхийн II дайны ялалтын тухай Орост маш их пиар хийж, дэлхийн 2-р том арми Орост байгаа тухай домог зохион цааш шуудрана.
Америкийн ба европын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Орос нь 2023 оны эхээр Одессыг авахын төлөө шинэ томхон давшилтаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба дайны дараагийн үе шатны стратегийн гол уриа нь тийм болж таарна. Одоо баруун-өмнөд эргийг нь Украинаас нь таслах, тэгснээр Украин нь Хар далайгаас бүрмөсөн таслагдсан, далайд гарцгүй хуурай газрын улс болж хувирна. Харин Украины зэвсэгт хүчний сөрөг давшилт нь Оросын энэ уриалгад саад болж магад. Хэрэв Херсоныг алдаад Крымын ар шилэн дээр украины “Himars”-ууд бөөгнүүлчихвэл дараагийн үе шатны оросын стратегийн гол уриа салхинд хийсэхтэй адил болно.
Оросыг ялалтаар зоригжуулж байна уу, эсвэл дэмий солиорол уу, Донецкийн хуурамч Ерөнхийлөгч Пушилин Украины эсрэг дахин цоо шинэ түрэмгийлэл үйлдэхийг Минскэд очоод уриалж харагдав. “Нэгдмэл Орос” намын нэг лидер Турчак дагалдан очиж тийм уриа хашгирах ба “Одоо оросуудын хувьд орос хүмүүсийн үндэслэн байгуулсан оросынхоо хотуудыг чөлөөлж авах цаг болсон: Киев, Чернигов, Полтава, Одесса, Днепропетровск, Харьков, Запорожье, Луцк… эд бүгдээрээ оросын хотууд” гэжээ.
Британийн “Ми-6” тагнуулын албаны дарга Ричард Мурын хэлж байна: Энэ шударга бус дайндаа Орос нэгэнтээ ялагдаж эхэлсэн, украины армийн сөрөг атак гарцаагүй хийгдэх цаг нь болсон, тэр цаг үеийг Украин ашиглаж чадахаар байгаа ба Путины дэглэм дор хаяж 15 жил дэлхийн дэг журмын эсрэг түрэмгий гибрид дайн хийж байгаа, харин Украиныг “Баруун” шийдвэртэй бүх талаар дэмжээд өгвөл НАТО, “Баруун”, ардчиллын эсрэг Оросын түрэмгийлэл ялагдаж байгаа нь тэр болно гэжээ.
 орос, англи хэлнээс түүвэрлэн буулгасан Д.Номиндарь


URL: