Х.Баттулгатай “байлдах” хүч Л.Оюун-Эрдэнэд бий юу?!

712-1659048085Х.Баттулгатай-“байлдах”-хүч-Л.Оюун-Эрдэнэд-бий-юу!Улс оронд дахин нэг халуу оргисон үйл явдал өрнөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга хоёрын харилцаа хага үсэрчээ. Тэр нь тодорхой болов. Уг нь улс төрийн хүрээнийхэн “…Энэ хоёр хүн муудалцах уу. Үгүй байх” л гээд байсан.

Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хэргийг нэг тийш болгох чиглэлийг прокурорт өгсөн нь тэр эргэлзээнд цэг хатгав.
“…Л.Оюун-Эрдэнэ яагаад ингэх болсон бэ” гэдгийг хаа сайгүй сонирхож байх шиг байна. Тэгвэл ил болж буй үйл явдлуудыг харах уу. Тэгэх нээ, хэдэн жилийн өмнөхтэй тун төстэй үргэлжилж байна. Тээр жил 2017 онд байх аа, Л.Оюун-Эрдэнийг “…Эцэгтээ хаягдсан уураа Энхболдод гаргалаа” гээд улам босгож байв. Уг нь тэдний сайнгүй болсон шалтгаан нь Л.Оюун-Эрдэнийг эзгүйд НАМЗХ-ны тойргоос гаргасантай холбоотой байдаг. Харин сая өөрийнх нь төрсөн нутаг, уурхайн тосгоны асуудал улс төр болж сэвэгдсэний дараа Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ хоёрын эвдрэлцэл ил болов. Гэвч үүний цаадах шалтгаан нь Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хэрэгт “зөвлөх ах” нь гацаа тээг болж гарч ирчихээд байсан бололтой. Бас уулзахдаа эдгээр асуудлыг оролдохгүй байх “санал”-ыг ч тавиад байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.
Яг үнэнийг хэлэхэд Х.Баттулгатай холбогдоод байдаг төмөр замын цаашилбал, нүүрсний хэрэг гэх том асуудлыг хөндсөн нь Л.Оюун-Эрдэнийн хувьд тэнэглэл ч байж мэднэ. Базарваань гэж, тэр чинь Х.Баттулга шүү дээ. Л.Оюун-Эрдэнийг төрд байтугай сургуульд ороогүй байхад сайн муу бизнес хийгээд үзчихсэн. Улс төрийн нэг биш намын босго давчихсан. Халаасандаа хэдэн намтай гэдэг. Улс төр, сурталчилгааны том багтай.
Хамгийн гол нь улс төрийг ч, бизнесийг ч хөдөлгөдөг гол хүч болсон мөнгө санхүү арвинтай. Ер нь бол тун биеэ даасан том хүч гэсэн үг. Энэ “хүч” хөдөлгөөн хийгээд эхэлчихсэн талаарх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй “Тусгаар тогтнол” хэмээх хөдөлгөөн, түүнийг удирдаж залдаг гэх Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн, систем судлаач Д.Банзрагч нар Х.Баттулгын маш ойрын хүнээс санхүүждэг байж болзошгүй гэнэ. Энэ нь хууль хяналтынханд бараг ил болчихсон бололтой.
Ийм байхад Л.Оюун-Эрдэнэ юу харж, хэнд найдаж ийм алхам хийж буй нь ойлгомжгүй. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий  сайдын албыг яг одоо хашиж байгаа ч Х.Баттулгатай “байлдахад” жулдах тодорхой шалтгаанууд харагдаад байгаа юм. Уг нь Гашуунсухайтын төмөр зам яагаад гацсан бэ. Тавантолгойн нүүрс яагаад үнэгүйдсэн бэ. Монголд орох ашгийг хэн хэн хүртдэг байсан бэ гэдэг нь ил болчихвол Монголд хэрэгтэй. Урд хөршийн нүүрс хэрэглэх хугацаа бараг арваадхан жилээр тооцогдох болсон.
Түргэн хугацаанд борлуулахгүй бол зүгээр л шороо болно. Нэгэнт тогтчихоод байгаа авто тээврээр нь аман дээрээс нь 50-60 ам.доллараар зараад байх нь манайд ашиггүй. Манай хэдхэн хүн л зоолно. Тэгэхээр энэ мэтчилэнгийн саад тотгороо арилгаад ядаж нүүрсээ хурдан хугацаанд, ашигтай борлуулах нь нийтийн эрх ашиг юм. Гэхдээ АТГ, ЭЦА, прокурор, шүүх нь шалгаж нягталж чадвал шүү дээ. Хууль хүчний байгууллагын удирдлагуудын нэлээд нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад томилогдсон. Өөрөөр хэлбэл,  энэ хүн саналыг нь оруулж тэд албан тушаалд томилогдож байв. За яахав, цагдаа, тагнуулын дарга нарыг Засгийн газрын хуралдаанаас томилдог. АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилдог болсон. Гэхдээ Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд томилдог тагнуул, цагдаа, АТГ-ын дарга нар ч Л.Оюун-Эрдэнээс өмнө томилогдсон. Мөн АТГ-ын одоогийн дарга З.Дашдавааг хуучин хуулийн дагуу 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгоод томилуулж байв. Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг мөн л Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа томилуулсан. Энэ бүхнийг хэлдэг нь тэднийг эрх үүргээ биелүүлэхгүй гэж шууд гөрдөж байгаа юм биш. Тэд “монгол хүний жудаг” бодохыг ч бас үгүйсгэхгүй. Ингэж эргэлзэж байгаа юм. Ийм эргэлзээ угаасаа бий болчихсон. Өнөөдрийн АН-д болж буй үйл явдлууд, элдвийн гацааг Дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй холбоод байдаг. АН-ынхан, бусад нь ч  бүгд ярьдаг. Нууц биш. Гэхдээ тэдний хувьд тангараг нь, мөрдэс нь илүү үнэ цэнэтэй байх ёстой. Аль нь вэ гэдэг удахгүй тодорхой болно.
Х.Баттулгатай “байлдахад” Л.Оюун-Эрдэнэ жулдаж мэдэх өөр гол зүйл бол улстөрчдийн дэмжлэг, улс төрийн тогтолцоо хоёр юм. Бие биетэйгээ салшгүй холбоотой энэ хоёр том “мотор”-ын хөдөлгүүр нь өнөөх л эрх ашгийн хангамж байдаг. Энэ тал дээр Л.Оюун-Эрдэнэ бас л дутагдалтай. Тэрбээр Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хэрэг, өмнө нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, МАНАН гээд улстөрчид, улс төрд нөлөөтэй эрхмүүдийн дургүйг их хүргэж байгаа хүн. Тэр хэрээрээ түүний эсрэг нэгдлүүд улам олшрох магадлалтай. Угаасаа тийм бүлгүүдийн сураг чимээ нэлээд сонсогддог.
Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 18-нд “…Монгол Улс 180 орноос 111-т эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ёстой. Яагаад гэвэл авлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн”, 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд “…Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх юм. Монгол Улс авлигын индексээр 111-т жагсаж байна. Энэ маш муу үзүүлэлт. Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Учир нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүрэлдэж бий болсон манай нийгмийн соёл, хөрсөөр төрийн үйлчилгээний хүнд суртлын асуудалтай бид нүүр тулж байна. Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй” гэсэн нь өөртөө дэмжлэг биш дайснууд нэмсэн байх магадлалтай.
Түүнчлэн өнөөгийн Монголын улс төрийн тогтолцоо, түүний дагуу байгуулагдсан төрийн институциулын чадамжийн асуудал Л.Оюун-Эрдэнэд бас нэг томоохон сул тал үүсгэж байна. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар гэж олон нялх хүүхэдтэй айл шиг болчихсон. Хэдийгээр хуулийн дагуу Ерөнхий сайд танхимаа зарлаж байгаа ч сайд бүрээр нь харвал хэн нь хэний хүн бэ гэдэг нь харагддаг. Гол нь хариуцсан салбараа даагаад явчихдаг сайд хуруу дарам цөөн байгаа нь Засгийн газрыг сулруулж байгаа гол хүчин зүйл юм.
Ерөнхий сайд нь гэрт орж эм, гадаа гарч эр гэдэг шиг ажилласан Засгийн газар урьд нь манайд байсангүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар чадамжтай байхын тулд ад үзээд байдаг “давхар дээл” зайлшгүй шаардлагатайг харуулж буй юм. Тэгж байж дэлхийн эдийн засаг, геополитикийн хямрал хэмээх айсуй “өвөл”-ийг өнтэй давахаар байна. Эцэст нь хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ ийм нөхцөл дундаас алх тогшчихсон гэсэн үг. “Байлдаан” хэрхэн өрнөх бол…? Манай улс төр, нийгэм “…Хоёр барын зодооныг уулан дээрээс харна” гэсэн хятад философиор хандах уу. Эсвэл…?! Харж л байя.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: